Э.Блинкен, Ван И нар ирэх долоо хоногт уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-07-20 11:29:47

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 20 /Reuters/. Лаос улсад ирэх долоо хоногт болох АСЕАН-ы сайд нарын уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзана гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен баасан гарагт мэдэгджээ.


АНУ-ын Колорадо муж улсад болсон аюулгүй байдлын форумын үеэр хэлсэн үгэндээ Э.Блинкен Хятадын талтай хийж буй яриа хэлэлцээг сайшаагаад, Ван Итэй тогтмол харилцаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт түүнтэй Лаост уулзах болно гэж хэлсэн байна.


Гэхдээ Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хүрээнд тусдаа хоёр талын уулзалт хийх эсэх талаар тодорхой дурдсангүй.


Талууд хэд хэдэн гол салбарт санал зөрөлдөөнтэй байсан хэдий ч 2023 оны 11 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хийсэн дээд хэмжээний уулзалтаас хойш хоёр талын харилцаа тогтворжсон юм.


“Бид хоёр орны хооронд тогтмол, өндөр түвшний харилцаа холбоог сэргээсэн. Аливаа санамсаргүй мөргөлдөөнөөс зайлсхийхийг хүсвэл харилцаа холбоотой байж, хэлэлцээ хийх хэрэгтэй байдаг тул энэ нь нэн чухал юм” гэж Э.Блинкен хэлжээ.


Э.Блинкен өнгөрсөн дөрөвдүгээр сард буюу нэг жил хүрэхгүй хугацаанд Хятадад хоёр дахь удаагаа айлчлах үеэрээ Ши Жиньпинтэй уулзсан юм. Энэ үеэр хоёр улсыг “өрсөлдөгч биш, харин түнш” байхыг БНХАУ-ын дарга уриалсан билээ.


Баасан гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн хоёр улсын цэргийнхний хоорондын уулзалт тогтмол явагдаж байгаа талаар ярьсан байна. 

Холбоотой мэдээ