Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөний сонгон шалгаруулалтад иргэдийн саналыг авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-07-24 10:39:29

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас тус хотын ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж, санал авна.


Тодруулбал, энэ сарын 25-31-ний хооронд цахим орчинд https://www.facebook.com/Kharkhorumcity хуудсаар, мөн энэ сарын 28-31-ний өдрийн хооронд Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтээс санал авахаар төлөвлөжээ. Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн төлөөлөл болох 100 гаруй хот төлөвлөгч, шилдэг архитектор оролцож, өөрсдийн бүтээлээр илтгэл, танилцуулга хийх бөгөөд шилдэг таван багийн бүтээлийг наймдугаар сарын нэгний өдөр шалгаруулах юм.


Сонгон шалгаруулалтад оролцогчдын бүтээлийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 21-ний өдрийн хооронд нээлттэй сонгон шалгаруулж, АНУ, БНСУ, Польш, Герман зэрэг орны шилдэг хот төлөвлөгч, архитектор мэргэжилтэй шүүгчидтэй хамтран ажиллаж байгааг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай мэдээлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгож, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зарлиг гаргасан билээ.


Дэлхийн улс орнууд шинээр байгуулж буй хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор олон улсын нээлттэй уралдааныг зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр онцлоод, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эртний нийслэл Хархорумыг сэргээн байгуулах тухай” зарлиг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэх, төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой хэмээв.



Энэхүү олон улсын жишгийн дагуу Засгийн газраас 2024 онд тогтоол гаргаж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр зарласан. Сонгон шалгаруулалтын бүртгэлийг гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хооронд явуулж, эхний шатны шалгаруулалт энэ сарын 16-нд дууссан.


Шалгаруулалтад 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцжээ.


“Шинэ Хархорум” хот байгуулахтай холбоотой Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа. Тус хотод төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрч, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ