JDS тэтгэлэгт хөтөлбөрөөр 15 хүн Японд магистрын түвшинд суралцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-өөр суралцах магистрын 23 дахь, докторын найм дахь ээлжийн оюутнуудыг үдэх ёслол Япон Улсын Элчин сайдын яаманд энэ сарын 2-нд болов.
1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь ирээдүйд манлайлан удирдах чадвар бүхий боловсон хүчнийг Япон улсад ахисан түвшний хөтөлбөрийн оюутнаар хүлээн авч суралцуулан, энэ хугацаандаа эзэмшсэн мэдлэг, чадвараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготой юм.
Өдгөө Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 20 улсад уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнөөг хүртэл нийт 6,000 гаруй оюутан Японд суралцаад байна. Харин Монголд 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрт нийт 416 оюутан залуус суралцан төгсжээ. Үүнээс 374 оюутан магистрын хөтөлбөрт, зургаан оюутан докторын хөтөлбөрт хамрагдан, төгсөж ирээд Засгийн газрын харьяа байгууллагууд, төв банк зэрэг нийгмийн олон салбарт ажиллаж байна.
JDS хөтөлбөрийн 23 дугаар ээлжээр Сайтамагийн их сургуульд хоёр, Мэйжигийн их сургуульд хоёр, Кюүшүгийн их сургуульд нэг, Хирошимагийн их сургуульд хоёр, Олон улсын их сургуульд дөрөв, Нагаокагийн технологийн их сургуульд нэг, Цүкүбагийн их сургуульд гурав хүн буюу нийт 15 хүн магистрын хөтөлбөрт суралцах юм.
Мөн 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн докторын хөтөлбөрийн наймдугаар ээлжээр Сайтамагийн их сургуульд нэг оюутан суралцахаар болжээ. Энэхүү хөтөлбөрөөр суралцах эдгээр оюутан залуус эх орондоо буцаж ирээд тус тусын салбарт үр бүтээлтэй ажиллаж, хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна гэж Япон Улсын ЭСЯ мэдээлэв.