Бангладешийн Ерөнхий сайд огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-08-06 09:11:21

ДАКА, 2024 оны наймдугаар сарын 6 /CNN/. Бангладеш даяар засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал олон долоо хоногийн турш өрнөсний эцэст Өмнөд Азийн энэ улсын Ерөнхий сайд Шейх Хасина огцорлоо. Жагсагчид нийслэл Дака хот дахь Ерөнхий сайдын ордон руу дайран орсны дараа Бангладешийн армийн командлагч, генерал Вакер-уз-Заман ийнхүү мэдэгджээ. 


Гэрэл зургуудыг үзэхэд Ш.Хасинагийн ордны ойролцоо байрлуулсан автомашинуудыг шатаасан байсан бөгөөд цагдаа нар дайрч буй олон хүнийг хяналтандаа авч чадахгүй байгаа нь харагдана. Түүнчлэн Дака дахь Ш.Хасинагийн эцэг, тусгаар тогтнолын удирдагч Шейх Мужибур Рахманы хөшөөн дээр хүмүүс авиран гарч, толгойг нь алхаар хагалсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Дака дахь CNN телевизийн сурвалжлагчийн мэдээлснээр, даваа гаргийн үдээс өмнө цэрэг, цагдаа нар тус дүүрэгт цугларч байсан жагсагчид руу дайрсан байна.


Ням гарагт цагдаа нар болон төрийн албаны ажлын байрны квотыг цуцалж, Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж буй жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болсны улмаас 91 хүн амиа алдаж, олон зуун хүн шархаджээ. Төрийн албаны ажлын байрны квот нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байгааг жагсагчид эсэргүүцэж байгаа юм.


Ражшахи, Барисал, Читтагонг зэрэг хотуудыг хамарсан эмх замбараагүй байдал нь амралтын өдрүүдэд улс даяар хөл хорио тогтооход хүргэжээ. Үүний зэрэгцээ хүний ​​эрхийн байгууллагуудын зүгээс "эрх баригчид жагсагчдын эсрэг хэтэрхий их хүч хэрэглэсэн" гэж буруутгасан боловч Засгийн газар үүнийг үгүйсгэж байна.


Ш.Хасина огцорсон тул цэргийнхэн түр засгийн газар байгуулна гэж армийн командлагч хэлээд тайван байдлыг хангаж, өөрсдөд нь туслахыг оюутнуудад уриалжээВ.Заман даваа гарагт хэлэхдээ “Та бүгдийн шаардаж байгаа бүхнийг бид биелүүлж, үндэстний амар амгаланг эргүүлэн авчрах болно, энэ үйл хэрэгт тусалж, хүчирхийллээс ангид байхыг та бүхэнд уриалж байна гээд "цэрэг, цагдаагийнхан хэн рүү ч гал нээхгүй, би тушаал өгсөн” гэж мэдэгджээ.


Дака дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас даваа гарагт мэдэгдэл гаргаж, Америкийн иргэдийг аюулгүй газарт хоргодохыг уриалсан байна. Мөн “урьдчилан таамаглах аргагүй, тогтворгүй” нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед нийслэлд байгаа АНУ-ын иргэд эх орондоо буцаж ирэх талаар бодох хэрэгтэй гэж мэдэгджээ.


Бангладешийн төрийн мэдлийн BSS мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Ш.Хасинаг огцорсны дараа Дака дахь Хазрат Шахжалал олон улсын нисэх буудал түр хугацаагаар хаагдсан байна. Ш.Хасина дөнгөж саяхан буюу ням гарагт жагсагч оюутнуудыг улс орныг тогтворгүй болгох зорилготой террористууд” хэмээн буруутгаж, тэдгээр террористыг хүчтэй гараар дарахыг эх орон нэгтнүүддээ уриалж байна гэж хэлж байжээ.


Энэ оны эхээр Ш.Хасина дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа улс төрийн хүчирхийллийн талаарх гомдол мэдээлэл нэмэгдэж байгаад санаа зовниж байгаагаа хүний ​​эрхийн байгууллагууд илэрхийлж байв. Ш.Хасина болон түүний засгийн газар нь улс орныг нэг намын тогтолцоо руу шилжүүлж байна гэж эсэргүүцэгчид анхааруулж байсан бөгөөд Бангладешийн гол сөрөг хүчин болох Үндэсний нам нэгдүгээр сард болсон санал хураалтыг бойкотлосон байна

Холбоотой мэдээ