Бангладешийн түр засгийн газрыг Нобелийн шагналтан удирдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-08-07 10:12:47

ДАКА, 2024 оны наймдугаар сарын 7 /DW/. Нобелийн Энх тайвны шагналт Мухаммад Юнус Бангладешийн түр засгийн газрыг тэргүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Мохаммад Шахабуддины ажлын алба мэдэгджээ. Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина даваа гарагт албан тушаалаасаа огцорсон юм. 


Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй оюутны хөдөлгөөний удирдагчид армийнхнаар удирдуулсан түр засгийн газрыг бус харин М.Юнусын зөвлөмжийн дагуу ажиллах засгийн газрыг байгуулахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Бангладешийн армийн командлагч, генерал Вакер-уз-Замантай хийсэн оюутнуудын уулзалтын дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Өмнөх өдөр нь В.Заман түр засгийн газар байгуулна гэж мэдэгдээд байсан бөгөөд түүнийг хэн удирдах талаар мэдээлэл өгөөгүй юм.


Бангладешийн Ерөнхийлөгч мөн мягмар гарагт парламентыг тараажээ. Жагсагчдын гол шаардлага бол хууль тогтоох байгууллагыг тараах явдал байв.


М.Юнус түр засгийн газрын тэргүүнээр томилохоос өмнө тэрбээр зөвлөхөөр ажиллахаар тохиролцсон тухай түүний ажлын албанаас мэдэгдсэн юм.


Нобелийн шагналт М.Юнус гэж хэн бэ?


Одоогоор Олимпын наадамтай холбоотой ажлаар Парист байгаа М.Юнус бол өөрийн Гремин банкнаас ядууралд нэрвэгдсэн бангладешчуудад бичил зээл олгож, тэднийг жижиг бизнес эрхлэхэд нь туслан ядуурлаас ангижрах боломжийг олгосныхоо төлөө 2006 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан эрхэм юм. Харин өдгөө 84 настай түүнийг Бангладешийн шүүх энэ оны зургаадугаар сард хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдуулан буруутгажээ. Тэрбээр үүнийг няцааж, өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн байна.


Оюутны хөдөлгөөний удирдагчдын нэг болох Нахид Ислам өөр гурван зохион байгуулагчийн хамтаар Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, бидний санал болгосон засгийн газраас өөр засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй, бид армийн дэмжлэгтэй эсвэл армиар удирдуулсан засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Бид Мухаммед Юнустай мөн ярилцсан бөгөөд тэрбээр бидний урилгын дагуу энэхүү үүрэг хариуцлагыг хүлээхээр тохиролцсон гэж Н.Ислам нэмж хэлсэн байна.


Бангладеш нь Ш.Хасинагийн үед “эзлэгдсэн улс орон” байсан. Өнөөдөр Бангладешийн ард түмэн эрх чөлөөг мэдэрч байна” гэж М.Юнус Энэтхэгийн The Print сонинд даваа гарагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

 


Холбоотой мэдээ