Монгол Улс Залуучуудын Олимпыг зохион байгуулах хүсэлтээ дахин илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. ОУОХ-оос Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн Үндэсний олимпын хороодын дунд дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа.
Уг уулзалтад 10 гаруй улсын төлөөлөл оролцсоны дотор Монгол Улс багтав. Монголоос Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар оролцож, Монгол Улсын залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтийг баталгаажуулж, товч танилцуулга хийсэн байна. Өнгөрсөн жил Энэтхэгийн Мумбай хотноо болсон ОУОХ-ны чуулганы үеэр 2030, 2034 оны Залуучуудын зуны олимпын наадам, 2027 оны ОУОХ-ны чуулганыг зохион байгуулах хүсэлтээ манай улс илэрхийлсэн байдаг.
Залуучуудын Олимпын наадам хамгийн анх 2010 онд Сингапур улсад зохион байгуулагдсан бөгөөд 15-18 насны тамирчдын дунд явагддагаараа онцлогтой. Залуучуудын наадмыг зөвхөн спортын уралдаан тэмцээнээс гадна тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн, байгальд ээлтэй, залуучууд руу чиглэсэн дэд бүтэц, боловсрол, хувь хүний хөгжлийн урт хугацааны хөрөнгө оруулалт бүхий цогц байдлаар зохион байгуулах бодлогыг ОУОХ-оос хэрэгжүүлдэг.
Залуучуудын зуны спортын
V наадам 2026 оны аравдугаар
сарын 31-нд Сенегалын нийслэл Дакар хотноо нээгдэх бөгөөд 35 спортын 244 төрөлд
5000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Энэ нь Олимпын наадам анх удаа
Африк тивд явагдах тохиолдол болж байгаа юм.