Хятадын тэргүүн баянаар цахим худалдааны магнат Хуан тодорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН, 2024 оны
наймдугаар сарын 9 /AFP/. Цахим худалдааны
магнат Колин Хуан Хятадын хамгийн баян хүн болсныг өнөөдөр танилцуулсан тэрбумтнуудын
индекс харууллаа. “Гүүгл” компанид ажиллаж байсан тэрбээр хямд үнэ, хүчирхэг алгоритмаараа хэрэглэгчдийг байлдан
дагуулж буй “Тэмү” гэдэг цахим хуудасныхаа ачаар
ийм амжилтад хүрчээ.
“Тэмү” болон Хятадын жижиглэн худалдааны “Пиндуодуо” аппликейшнийг эзэмшдэг
PDD Holdings компанийн үүсгэн байгуулагч К.Хуаны хөрөнгө 48.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна гэж “Блүүмберг”-ийн
тэрбумтнуудын индекст дурджээ. Тэрбээр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын
25 дугаарт бичигдэж байна.
К.Хуан Хятадын баячуудын жагсаалтыг 2021 оны дөрөвдүгээр сараас хойш тэргүүлж байсан ундааны “Нонфу Спринг” компанийн захирал Жун Шаньшанийг гүйцсэнээр Хятадын хамгийн баян хүнээр тодорчээ. Тэдний араас технологийн “Тенсент” компанийн тэргүүн, Пони Ма нэрээрээ олонд танигдсан Ма Хуатен бичигдэж байна. Харин дөрөвдүгээрт ТикТок дүрс бичлэгийн платформыг эзэмшдэг “БайтДенс”-ийг үүсгэн байгуулагч Жан Имин оржээ.
Хятадын зүүн нутгийн Ханжөү хотод 1980 онд төрсөн К.Хуан хүүхэд байхдаа математикийн хичээлдээ гаргууд нэгэн байсан
бөгөөд “Гүүгл” компанийн Хятад дахь салбарт ажиллаж байжээ. 2015 онд тэрбээр цахим худалдааны “Пиндуодуо” цахим хуудсыг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь Хятадад хамгийн
амжилттай ажиллаж буй цахим худалдааны платформуудын нэг болж,
Жек Магийн “Алибаба”-тай өрсөлдөж байгаа юм.
Энэхүү платформ нь томоохон хямдралууд, өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн
анхаарлыг татсан
бөгөөд зарим үед ширүүн өрсөлдөөнтэй талбаруудад ч гайхалтай
хямд үнийг санал болгодог. Уг платформын гадаад дахь хувилбар болох “Тэмү” нь 2022 онд АНУ-ын зах зээлд нэвтэрч, Хятадад үйлдвэрлэсэн хэт хямд
бараа
бүтээгдэхүүнээрээ үнэнч хэрэглэгчдийн баазыг бүрдүүлж чадсан байна.
Уг платформын амжилт нь инфляцын түвшин урт хугацаанд өндөр байх үетэй давхацсан бөгөөд өдгөө Европ, Латин Америк болон бусад орнуудад үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн онд “Тэмү” Европт дөнгөж нэвтэрсэн хэдий ч тус бүс нутагт сард дунджаар 75 сая идэвхтэй хэрэглэгчтэй болжээ.
Үүний сацуу энэ их амжилт нь
арилжааны шударга бус үйл ажиллагаа, аюулгүй байдлын стандартыг сулруулсан гэх шүүмжлэлийг ч мөн дагуулж
байна. Саяхан Европ дахь зарим хэрэглэгчийн зүгээс, “Тэмү” нь худалдан авагчдын “чөлөөтэй, оновчтой шийдвэр” гаргах чадварыг алдагдуулж, илүү их мөнгө үрэхэд нөлөөлж байна гэж
буруутгажээ.
Мөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллагууд хуурамч сурталчилгаа, шударга бус үйлдэл хийсэн гэж сэжиглэн “Тэмү”-г шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн
өнгөрсөн сард Хятадад олон зуун худалдаачин бараа бүтээгдэхүүнээ уг платформоор борлуулахад шударга бусаар хандсан хэмээн Гуанжоу хотын
салбар оффис дээр жагсаал хийжээ.
Гэсэн хэдий ч энэ бүхэн нь компанийн амжилтыг сааруулж чадаагүй бөгөөд PDD Holdings-ийн энэ оны нэгдүгээр улирлын цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеийнхээс гурав дахин өссөн байна. Пүрэв гарагт тус компанийн АНУ-д бүртгэлтэй хувьцааны үнэ 138.02 ам.долларт хүрч, зах зээлийн үнэлгээ нь 191.68 тэрбум ам.доллар болжээ.