Мьянмарт халдлага болсны улмаас дөрвөн цэрэг амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-12 15:09:10

НЕЙПЬИДО. /ВВС/. Үймээн самуунтай байгаа Мьянмар улсын Ракхайн мужид мягмар гарагт мөргөлдөөн болсны улмаас наад зах нь дөрвөн цэрэг амь үрэгдсэн тухай тус улсын армийн командлал мэдэгдлээ.

Гар буу, сэлэм болон хутгаар зэвсэглэсэн 300 гаруй этгээд цэргүүд рүү халдсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Бангладештай залгаа Мьянмарын хилийн  орчимд халдлага болсны улмаас 9 цагдаа амь үрэгдсэн юм.

2012 онд Ракхайн мужийн хүн амын ихэнхийг эзэлдэг бурхны шашинтнууд болон үндэстний цөөнх болох лалын шашинт рохингьячуудын хооронд мөргөлдөөн дэгдсэн билээ.

Хамгийн сүүлд гарсан халдлагыг ямар этгээдүүд үйлдсэн нь тодорхойгүй байгаа боловч рохингьячууд халдлагыг үйлдсэн гэж албаны хүмүүс таамаглаж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ