Алжирын Ерөнхийлөгч А.Теббун улиран сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-09-09 11:12:55

АЛЖИР, 2024 оны есдүгээр сарын 9 /Anadolu/. Алжирын одоогийн Ерөнхийлөгч Абдельмаджид Теббун бямба гарагт болсон ээлжит бус сонгуулиар улиран сонгогдсоноор дахин таван жил төрийн тэргүүний албыг хашихаар боллоо гэж тус улсын сонгуулийн хороо ням гарагт зарлалаа.


А.Теббун 94.65 хувийн саналаар ялсан гэж Сонгуулийн үндэсний бие даасан хорооны дарга Мохамед Чарфи хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Харин Нийгэм, энх тайвны төлөөх хөдөлгөөний дарга Абделали Хассани Чериф 3.17 хувийн саналаар хоёрдугаарт жагссан бол Социалист хүчний фронтын нэгдүгээр нарийн бичгийн дарга Юсеф Аучиче 2.16 хувийн саналаар гуравдугаарт бичигджээ. 


М.Чарфигийн мэдээлснээр, гурван нэр дэвшигчийн төлөө нийт 24 сая гаруй сонгогчийн 5.7 сая нь саналаа өгчээ. Одоо саналын хуудасны тооллогын мэдээллийг нэн даруй Үндсэн хуулийн цэцэд илгээх бөгөөд цэц 48 хүртэлх цагийн дотор давж заалдах хүсэлтийг хянан үзэх ажээ. Улмаар эцсийн дүнг 10 хоногийн дотор зарлах ёстой. 


Бямба гаргийн орой санал авах байрууд 20:00 цагт хаагдах үед сонгогчдын ирц 48.03 хувьтай байсан гэж М.Чарфи ням гаргийн өглөө мэдээлжээ. Энэ үзүүлэлт нь 2019 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээс /39.88 хувь/ давсан байна.


Энэ удаагийн сонгууль нь 2019 оны сонгуулиас хойш сонгуулийн бие даасан хорооны бүрэн хяналтан дор явагдсан хоёр дахь ерөнхийлөгчийн сонгууль юм. Өмнө нь Дотоод хэргийн яам сонгуулийг хянадаг байжээ.

 


Холбоотой мэдээ