Байгаль хамгаалагч нар мориор явж 438 хавх хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-14 11:47:12

Зэрлэг амьтдад хамгийн их аюул учруулдаг хавхыг хураах, хуулийн хэрэгжилтийг хангах тушаалыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гаргасан билээ. Сайдын тушаалыг Алтай Соёоны бүс нутагт орших Ховд аймгийн удирдлага хамгийн түрүүнд биелүүлж аймгийнхаа хэмжээнд “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-2” аяныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран амжилттай зохион байгууллаа.

Олны талархлыг хүлээсэн энэ ажлын үр дүнгийн талаарх талуудын уулзалт 2016 оны 10 дугаар сарын 5-нд Ховд аймагт болж өнгөрсөн юм.

Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ховд аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд, хавх хураах ажлыг хийсэн 10 сумын байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нар оролцлоо. Түүнчлэн “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг санаачилсан Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалах “Бөхөн”, “Гүем” экоклубын сурагчид оролцсон нь уулзалтын ач холбогдлыг өндөрт өргөсөн юм.
Хавх хураах аян хоёр сар үргэлжилжээ. Энэ хугацаанд сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нар  хяналт, шалгалтын ажлыг  зохион байгуулж нийтдээ 514 зөрчил илрүүлжээ. Хавхыг тарвага агнах зорилгоор ихэвчлэн ууланд тавьдаг. Тиймээс байгаль хамгаалагч нар мориор явж иргэдийн хууль бусаар тавьсан хавхыг цуглуулжээ. Нийт 438 хавхыг хоёр сарын хугацаанд хураасан байна. Тэдний ярьснаар хамгийн багаар тооцоход нэг хавхыг аюулгүй болгосноор 10 амьтны амийг аварч байгаа юм. Хяналт шалгалтаас гадна судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн тэдэнтэй хамтран ажиллаж мэдээллийн сан бүрдүүлэх, зураг авах дүрсжүүлэх ажил хийсэн байна.
Уулзалтын үеэр оролцогчид сонирхол татсан олон санал гаргав. Үүнд, Ховд аймгийнхны хийсэн энэ аяныг бусад аймгуудад сурталчлах, хавхны хэрэглээг багасгах сурталчилгаа хийх шаардлагатай байгааг онцлов. Аяныг жил бүр зохион байгуулах хэрэгтэйг ч байгаль хамгаалагч нар онцлон хэлж байлаа. Учир нь, тэдний хураасан 438 хавх бол иргэдийн хууль бусаар тавьсан нийт хавхны 10 хувьд ч хүрэхгүй учраас хавх хураах ажлыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй гэж үзсэн юм. Мөн хураасан 438 хавхны төмрийг ашиглаж хүмүүсийн хандлагад нөлөөлөхүйц, хавхны хор холбогдлыг ойлгуулсан бүтээл хийх нь зөв гэдэгтэй  олонхи нь санал нэгдлээ.  
Уулзалтын төгсгөлд  оролцогчид  олон нийт болон Засгийн газарт хандаж уриалга гаргажээ. Уриалгад, хавхны эсрэг аяныг үндэсний хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулах, хавхгүй уул, хавхгүй сум, хавхгүй аймаг шалгаруулах, амьтан агнах, барихад хориглох хэрэгсэл болох хавхыг хилээр нэвтрүүлэх хориотой барааны жагсаалтад оруулах хэрэгтэйг онцолжээ.

А.Бямбасүрэн
 

 

 

 

 

Холбоотой мэдээ