Говийн бүсэд нүүрлэж буй цөлжилттэй тэмцэх арга замыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-09-17 10:28:28

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Оюу толгой компани болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Говь: Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 13-нд зохион байгууллаа.


Эрдэм шинжилгээний хурлыг нээж БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа үг хэлж, илтгэлээ танилцуулав. Тэрбээр илтгэлдээ Монгол оронд нүүрлэж буй газрын доройтол, цөлжилт түүнтэй тэмцэх талаар онцлов. Энэ удаагийн хурлыг 2026 онд манай улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг угта зохион байгуулснаараа онцлогтой.

Хуралд салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, орон нутгийн иргэд болон төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүхий 200 гаруй хүн оролцож, судалгаа шинжилгээний сүүлийн үеийн үр дүнг хуваалцав. Мөн Монгол орны говийн бүс нутагт нүүрлэж буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар, тэдгээртэй тэмцэх боломжит арга замуудыг хэлэлцэн, туршлага солилцсон юм.

Оюу Толгой ХХК цаашид "Говь" сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ