БАЯНХОНГОР: Далд усны цэгүүдийн 30 орчим хувь нь ажиллагаагүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байрлах гал унтраах автомашиныг усаар тасралтгүй хангах зориулалттай галын далд усны цэг (гидрант), гүний худгийн бэлтгэл, бэлэн байдалд хяналт шалгалтыг аймгийн Онцгой байдлын газраас хийж байна.
Энэхүү ажлын хүрээнд галын далд усны цэг (гидрант), гүний худгийн судалгаа, ажиллагааны бэлэн байдлыг хангуулан ойр орчмын 50 метрт байрлах аж ахуйн нэгж, байгууллагад хариуцуулахаар ажиллаж байна. Энэхүү цэгүүд гал түймрийн нөхцөл байдал хүндэрч, усан хангамжийн дутагдалтай үед гал унтраах автомашинд гал унтраах бодисыг тасралтгүй өгөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байдаг аж.
Хяналт шалгалтаар 27 гидрант шалгаснаас хэвийн ажиллагаатай 19, ажиллагаагүй 4, шугам хоолой задарсан засварлах шаардлагатай 4 гидрантыг тогтоож, гидрант, гүний худгийн байршлыг “What3words” программ ашиглан 3 үгт хаягаар газрын зурагт оруулж, гидрант тус бүрт хувийн хэрэг хөтөлжээ.
Цаашид галын далд усны цэг (гидрант), гүний худгийн судалгаа, ажиллагааны бэлэн байдлыг хангуулан холбогдох хуулийн этгээдэд Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл хүргүүлэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Далд усны цэгийн нэгдсэн судалгааг гарган, хаягжуулж, байнгын хэвийн ажиллагааг хангуулах нь гарсан гал түймрийг унтраахад бэлтгэл, бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой юм.