Microsoft компани хиймэл оюуныг хөгжүүлэх сан байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 19 /Reuters/. Хиймэл оюун ухааны (AI) дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах зорилгоор олон улсын сан байгуулж байгаагаа “Microsoft” корпорац мэдэгджээ.
“Global AI Infrastructure Investment Partnership” (GAIIP) гэдэг нэртэй уг төсөлд Америкийн хөрөнгө оруулалтын “BlackRock” сан, өндөр технологийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Nvidia” болон хөрөнгө оруулалтын MGX (АНЭУ) компани “Microsoft” -той хамтран оролцож байгаа аж.
Компаниуд эхний ээлжинд 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг бий болгоно. Ингэхдээ хөрөнгө оруулалтын сангууд, корпорацууд, хувиараа хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгоно. Харин дараа нь сангийн хөрөнгийн хэмжээг 100 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөжээ.
Энэ хөрөнгө мөнгийг тооцоолон бодох их хэмжээний өгөгдөл, эрчим хүчний хэрэглээ шаарддаг дэвшилтэт AI загваруудыг хөгжүүлэхэд зарцуулах ажээ. Хиймэл оюун ухааны загварууд, ялангуяа гүн гүнзгий суралцах, их хэмжээний өгөгдөл боловсруулахад ашигладаг загваруудыг шаардлагатай хүчин чадалд хүргэхийн тулд тооцоолол хийх олон мянган чип хэрэгтэй тул төрөлжсөн өгөгдлийн төвүүдийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа юм. Тус сан нь хиймэл оюун ухааны технологийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлж, эрчим хүчний тогтвортой эх үүсвэрээр хангах зорилготой юм.