ДАРХАН-УУЛ: Газар нутгийн 4.9 хувь нь цөлжилтөд өртсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-23 18:26:48

Дархан, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Газар нутгийн хэмжээ бага ч байгалийн баялаг, газар тариалан, мал аж ахуй хөгжсөн аймаг. Хөрс хамгаалах, бэлчээрийн талхлалтыг багасгах, цөлжилтийг сааруулах талаар судалгаа хийж, ХХААГ, Байгаль орчны газарт мэдээ, тайланг аймгийн УЦУОШТ-өөс өгдөг байна. 327.5 га нутаг дэвсгэртэй Дархан-Уул аймгийн 4.9 хувь нь цөлжилтөд хүчтэй өртжээ.


Энэ нь сүүлийн 12 жилийн хугацаанд хийсэн судалгааны тайлан, мэдээлэлд тусгагдсан байна. Нийт газар нутгийн бэлчээрийн талбайн 16.9 хувь нь хэвийн, 36.6 хувьд цөлжилт сул, 10.4 хувь нь цөлжилтөд дунд зэрэг өртсөн байна.


Мөн хөрсний мониторингийн судалгааг 2012 хойш хийж байгаа бөгөөд хөрсний А давхаргын ялзмагт давхаргын нимгэрэлт болон хөрсний элэгдэл илт ажиглагдаагүй, хөрсний урвалын орчин буюу PH=5.81-6.96 хооронд буюу саармаг орчноос сул хүчиллэг орчинд шилжсэн хэдий ч "оптимум" ба хөрсний PH тохиромжтой нөхцөлтэй байна гэж гарчээ.


Хөрсний цахилгаан дамжуулах чадвараар давсжилтын зэрэглэлийг үнэлэхэд 0-5 см гүнд давсжилт илүү их, гүн лүүгээ бага давсжилттай үнэлэгдсэн байна.


Харин хөрсний ус нэвтрүүлэх чадварыг дан цагаригийн аргаар тодорхойлсон байна. Ус нэвтрүүлэлтийн зэрэглэл "хурдан" ба "хурдавтар"-аас "дунд зэрэг" ба "удаан" зэрэглэлд шилжиж хурд багасаж байна гэсэн дүгнэлт гарсан байна. Уг судалгаануудыг аймгийн хэмжээнд есөн цэгээс сүүлийн 10 жилийн хугацаанд авч, судалгааны ажлыг хийжээ.


Дээрх хугацаанд хийсэн бүх судалгааны нэгдсэн дүнгээс үзэхэд Хонгор сумын нутаг Төмөртолгой орчимд цөлжилтийн төлөв байдлын доройтол илэрсэн. Арван жилийн хугацаанд  гуравдугаар түвшнээс дөрөвдүгээр түвшин рүү шилжсэн бөгөөд энэ нь бэлчээрийн төлөв байдал муудаж буйг илтгэж байгаа юм.


Учир нь элсэнцэр хөрсний бүтэцтэй, ялзмагт А үеийн давхарга нь 7 см гэж судлагджээ. Мөн Шарын гол сумын Олон хөтөл орчимд бэлчээрийн доройтол ажиглагдаж байна. Дөрөвдүгээр буюу улаан түвшинд хүрчээ.


Харин Хонгор сумын нутаг Зулзагын гол Цогт-Өндөр, Орхон сумын нутаг Дардай нуур орчимд соргог төрлийн бэлчээртэй буюу бэлчээрийн төлөв байдал 10 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй сайн байна гэж судлагджээ.


Дээрх судалгаанаас үзэхэд бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, хашаалах зэрэг ажлыг хийх шаардлага тулгарсан гэж УЦУОШТ-өөс мэдэгдлээ. Тухайн байгууллага нь зөвхөн судалгаа хийж бэлчээрийн доройтол, цөлжилтийн хэмжээг судлан гаргаж, мэргэжлийн байгууллага болон орон нутгийн удирдах албан тушаалтнуудад танилцуулдаг.  


Аймгийн хэмжээнд дээр дурдсан дөрөвдүгээр түвшинд хүрсэн газруудыг хашаалах, ургамлын сэргэх чадварыг сайжруулах шаардлага үүссэн байна. Ургамлын төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах хамгийн эхний алхам нь хашаажуулалт гэдгийг ч онцлов.


Цөлжилт нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Хүний оролцоотой буюу бэлчээрийн талхагдал, уул уурхай, ой модны замбараагүй бэлтгэл, хэрэглээ, ус, хөрсний хэт их ашиглалт, мал ахуй болон байгалийн нөөцийн зохисгүй менежментийн үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Харин байгаль эхийн өөрийн хүчин зүйл буюу уур амьсгалын дулаарал нөлөөлдөг.


Үүнд гол мөрөн ширгэх, шороон шуургаар хөнгөн хөрс туугдах, мөнх цас, цэвдгийн хайлалт, бага, жигд бус хур тунадас орох, газарзүйн байршлын шалтгаанууд зэргээс цөлжилт бий болдог байна.






Холбоотой мэдээ