Япон иргэдийн аюулгүй байдлыг хангахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-09-24 11:28:34

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 24 /Kyodo/. Японы Гадаад хэргийн сайд Ёко Камикава даваа гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн хорооны дарга Ван Итэй хэлэлцээ хийх үеэрээ Хятадад оршин суугаа япон иргэд, ялангуяа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Бээжинд хандан уриаллаа.


Өнгөрсөн долоо хоногт Хятадын Шэньжэн хотод Японы сургуулийн сурагчийг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн дараа Нью-Йоркт энэхүү уулзалт болсон юм. Ё.Камикава болсон хэрэг явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх, олон нийтийн сүлжээ, цахим орчинд тархаж буй Японы эсрэг мэдээллийг нэн даруй таслан зогсоохыг Бээжингээс шаардсан гэж Японы Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгджээ.


Хятад улс хоёр орны харилцааг сайжруулахад саад болж буй саад тотгорыг арилгахын тулд илүү их хүчин чармайлт гаргах ёстой гэж Ё.Камикава хэлснийг яамны мэдэгдэлд эш татсан байна. Үүний хариуд Ван И хэлэхдээ, болсон хэрэг явдал бол бидний ч харахыг хүсээгүй санамсаргүй явдал байсан гээд, Хятадын эрх баригчид үүнийг хуулийн дагуу шийдвэрлэх болно хэмээн мэдэгджээ.


Мөн Бээжингийн засаг захиргаа Хятадад байгаа гадаадын бүх иргэний аюулгүй байдлыг хуулийн дагуу хамгаална гэж Ван хэлээд, энэ үйл явдлыг тайван, ухаалгаар харж, асуудлыг улстөржүүлэх, хурцатгахаас зайлсхийхийг Токиод уриалсан гэж Хятадын ГХЯ мэдэгдсэн байна.


Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтийн сүлжээн дэх сөрөг агуулгатай постуудын талаар дурдахдаа, Хятад улс ард түмэндээ Японыг үзэн ядахыг сургадаггүй гэж хэлжээ. Харин Хятадын олон иргэн Шэньжэн дэх сургуулийн гадна цэцэг өргөж, эмгэнэл илэрхийлж, хүчирхийллийг эсэргүүцэж, Хятад, Японы ард түмнүүд мөнхөд найрамдалтай байхыг уриалж байна гэж Лин Жиан нэмж хэллээ.


Аав нь япон, ээж нь хятад гаралтай 10 настай хүү өнгөрсөн пүрэв гарагт Хятадын өмнөд нутгийн Шэньжэн хот дахь япон сургууль руугаа явж байх замдаа хутгалуулж амиа алдсан бөгөөд сэжигтэн эрэгтэйг хэргийн газарт байхад нь саатуулжээ.


Үүнээс гадна, Ё.Камикава Хятадын сүүлийн үеийн цэргийн үйл ажиллагаа, тухайлбал наймдугаар сард Хятадын цэргийн нисэх онгоц Японы агаарын орон зайд анх удаа нэвтэрсэн зэрэг хэрэг явдалд Японы тал ихээхэн санаа зовниж байгааг илэрхийлсэн байна. 


Энэ оны долоодугаар сард Лаост уулзсан Ё.Камикава, Ван И нар Японоос тээвэрлэж буй далайн гаралтай бүтээгдэхүүнд тавьсан Хятадын хоригийг аажмаар цуцлах талаар хоёр улсын засгийн газар баасан гарагт тохиролцсон тухай асуудлыг хэлэлцжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард Фүкүшима АЦС-аас цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа уг хоригийг тавьсан юм.


Даваа гаргийн өглөө Нью-Йоркт ирсэн Ё.Камикава эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж байгаа тул мягмар гаргийн үүрээр эх орондоо буцна. Японы Ерөнхий сайд Фүмио Кишидагийн халааг авах хүнийг тодруулах сонгууль энэ баасан гарагт болох юм.

 



Холбоотой мэдээ