ДАРХАН-УУЛ: Аймгийн ИТХ-д 94 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-24 17:00:10

Дархан, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр болно. Дархан-Уул аймгийн ИТХ-ын сонгуульд 94 нэр дэвшигч 41 мандатын төлөө төлөө өрсөлдөхөөр бүртгүүлжээ.


Харин сумдын тухайд Хонгор сумын ИТХ 25 мандаттай бөгөөд 51 нэр дэвшигч, Шарын гол сумын ИТХ-ын 25 мандатын төлөө 51 нэр дэвшигч, Орхон сумын ИТХ-ын 21 мандатын төлөө 42, Дархан сумын ИТХ-ын 29 мандатын төлөө 60 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.


Нийт 298 нэр дэвшигч аймаг, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлснээс  94 буюу 32 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байна.


Нэр дэвшигчид сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу есдүгээр сарын 26-ны өдөр үнэмлэхээ авснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлнэ.


Сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд санал хураалт болохоос нэг өдрийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний 23.59 цагаас өмнө сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор зогсооно.


Харин аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийг тань төлөөлөх төлөөлөгчийг сонгох санал хураалт аравдугаар сарын 11-ний өдрийн 7.00-20.00  цагийн хооронд улс орон даяар нэгэн зэрэг болно.

 

Холбоотой мэдээ