ДАРХАН-УУЛ: Ухаалаг худаг дөрвийг нэмэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дархан сумын гэр хорооллын иргэдийн ундны усны хэрэгцээг хангаж, 24 цагийн ухаалаг худгийн тоог нэмжээ. Дархан сумын ЗДТГ, Дархан-Ус суваг ХК хамтран хэрэгжүүлж буй уг ажлын үр дүнд дахин дөрвөн худаг шинээр нэмсэн байна.
Тодруулбал, Дархан сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын хүрээнд хамгийн их санал ирсэн нь худгийн тоо нэмэх байжээ. Тиймээс иргэдээс ирсэн санал, хүсэлтийг үндэслэн дөрвөн байршилд өөртөө үйлчлэх ухаалаг худаг байгуулж, үйл ажиллагаа эрхлэх төв байгууллага "Дархан-Ус суваг" ХХК-д хүлээлгэн өгөв.
Ухаалаг худаг нэмснээр худгийн үйл ажиллагаа хүний оролцоогүйгээр 24/7 цагаар тасралтгүй ажиллах бөгөөд иргэд хүссэн цагтаа хэрэглээндээ тохируулж авах боломжтой юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Дархан сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 14 ухаалаг худгийг барьж иргэдийн ундны усны хэрэгцээг ойртуулсан байна.
Дархан сумын гэр хорооллын хэмжээнд “Дархан Ус суваг” ХК-ийн хариуцдаг 59 ус түгээх байр байдаг. Дээрх худгийг нэмснээр нийт 63 ус түгээх байртай болж байна. Үүнээс зөөврөөр ус авдаг 29, бусад нь цэвэр усны төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байр юм.