Зөвшөөрлийн хуулийг дагаж өөрчилсөн хуулиудаа эргэж харахыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-02 17:35:47

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 2. /МОНЦАМЭ/. “Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д өнөөдөр боллоо.


Хэлэлцүүлэгт Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажлын хэсгийн гишүүдийн хамт оролцож, Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд ААН-үүдэд тулгарч буй асуудлаар ярилцав.

Тэрбээр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, “Зөвшөөрлийн тухай хуулийг батлаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Хуулийн талаар янз бүрийн санал гомдол ирдэг. Тэр нь Зөвшөөрлийн хууль гэхээсээ илүү салбар хуулиудад байгаа асуудал байдаг” гэв.


Зөвшөөрлийн тухай хуулийн онцлог нь Зөвшөөрлийн зөвлөл гэж байгуулаад аль болох хувийн хэвшлийн хяналтад оруулах ажлыг хуулиар хийсэн. Зөвшөөрлийн зөвлөлд Танхимын болон хувийн хэвшлийн төлөөллийг дийлэнх олонх харьцаатай оруулсан. Хуулиндаа гурван жил тутам нэг удаа аудит хийгээд, хуульд өөрчлөлт оруулах болвол аудитын үндэслэлтэй явна гэж заасныг тэрбээр тодотгов.


МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, ААН-үүд төр захиргааны байгууллагуудаас хамаарсан шалгуурууд, бүртгэлийн нугалаанууд их байна гэдэг. Хоёр яам ижил төстэй зөвшөөрлийг хоёр давхардуулж өгдөг. Ингэдэг хэр нь ээ үнэ тариф нь тэнгэр газар шиг байна гэсэн саналыг хэлдэг. Тэгэхээр компаниудаас гарч буй саналыг бүгдийг нь бичгээр давхар аваад Танхим дээр жагсаалт үүсгэхээр ярьж байна гэв. Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир, хууль манай салбарт харьцангуй сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй сайн хууль болсон. Манай салбарын хувьд бүрэн либералчлагдсан, өндөр хөрөнгө оруулалттай, технологийн өөрчлөлтүүд хурдан хөгждөгөөрөө бусад салбараас онцлогтой. Гол нь Зөвшөөрлийн хуулийг дагаад Харилцаа холбооны тухай болон Радио долгионы тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахдаа бидний тусгай зөвшөөрлийн хугацааг богиносгосон. Үүнийг бизнесийн орчинг дордуулсан зохицуулалт боллоо хэмээн харж байгаа. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж өөрчилсөн хуулиа эргэж хараач гэсэн юм.

 

"Ачит ихт" ХХК-ийн хуульч Н.Энхжаргал, "Хууль гарснаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон. Ингэснээр манайх үйл ажиллагаагаа зөвшөөрөлгүйгээр гэрээний үндсэн дээр эрхлэх боломжтой болсон. Харин хуулийн зарим зүйл заалтад дутуу нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор хуулийг нэг мөр ойлгох, хэрэгжүүлэхтэй холбоотой хүндрэл үүсч байгаа. Жишээ нь, манайх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг болсон байхад АМГТГ-аас тусгай зөвшөөрөл эзэмшигч байх үед шаарддаг байсан материал, тайлан, төлөвлөгөөг нэхэх, үүнтэй холбоотойгоор төр захиргааны байгууллага руу мэдээлэл хүргүүлэхэд бас л тусгай зөвшөөрөл эзэмшигч шиг шаардлагууд тавьж эхэлж байна гэв.


“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл” хэлэлцүүлэг цувралаар болж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт эрчим хүч, байгаль орчин, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй, зам тээврийн салбарын төлөөлөл оролцож тулгамдаж буй асуудлаа ярилцаж, саналаа хэлсэн бол маргааш, 10 дугаар сарын 3-нд уул уурхай, аялал жуулчлал, банк, бусад санхүүгийн үйлчилгээ, гааль, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын салбарынхан хамрагдана. 

Холбоотой мэдээ