Б.Очирхуяг: МУИС-ийн судлаачид өндөр түвшний “Орчуулгын чадамжийн судалгаа” төслийг хэрэгжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | Монголын орчуулагчдын анхдугаар чуулганУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан Монголын орчуулагчдын анхдугаар чуулганд МУИС-ийн ректор Б.Очирхуягийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн
Газрын гишүүн, Боловсролын Сайд П.Наранбаяр,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан,
технологийн бодлогын Зөвлөх Ч.Лодойравсал,
Энэ танхимд
хуран чуулсан эрхэм хүндэт орчуулагчид, хүндэт зочид та бүхэнд энэ сайхан
өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол
Улсын дээд боловсролын ууган голомт, мэдлэгийн манлай, хөгжлийн түүчээ Монгол
Улсын Их сургуулийн эрдмийн хамт олон эрдэм шинжилгээ, сургалт, хөгжил дэвшил,
бүтээн байгуулалтын төлөө өдгөө 8О гаруй жил техник, технологи, аж үйлдвэрийн
шинэ эринд зохицсон шинэ их дээд сургуулийн зорилгыг ханган ажиллах хэтийн
зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
Тус
сургуульд 1942 оноос орос хэлний, 1955 онд англи, 1957 манж, төвөд, хятад, 1963
онд франц, 1968 онд герман, 1975 онд япон, 1991 онд солонгос, 1992 онд чех, польш,
2002 онд турк, 2003 онд испани, 2004 онд итали, 2010 онд араб хэлний мэргэжилтэн бэлтгэж
эхэлсэн юм. 1956 онд байгуулагдсан МУИС-ийн Хэл бичгийн факультетийн Гадаад
хэлний тэнхим бол тухайн үед Монгол Улсын гадаад харилцаа, гадаад хэлний мэргэжилтний
уурхай болж байсан бөгөөд 1963 онд тус тэнхимээс англи хэлний орчуулагч
мэргэжлээр дагнасан орчуулагч бэлтгэн гаргаж байлаа.
МУИС-аас бэлтгэн
гаргасан гадаад хэлний мэргэжилтнүүд өнгөрсөн ХХ зууны сүүлийн хагасаас улс эх
орныхоо гадаад харилцаа, боловсролын салбар болон бусад бүхий л салбарт
ажиллаж, эх орныхоо орчуулгын үйл хэрэгт голлох үүргийг гүйцэтгэсээр иржээ.
Манай сургуулийн давуу тал бол улсын хэмжээнд хамгийн олон гадаад хэлийг заан
сургадаг дээд боловсролын байгууллага бөгөөд их сургуулийн хэлний бус
хөтөлбөрийн оюутан ч гадаад хэлийг ерөнхий суурийн хичээл сонголтоор болон
сонгон судлах хичээлээр суралцах боломжийг олгодог явдал юм.
Эдүгээ МУИС
нь 14 гадаад хэлний хэл тус бүрээр 2-3 бакалаврын хөтөлбөрөөр болон сурвалжийн
судалгааны 3 гадаад хэлээр сургалт явуулж байна. Энэ ташрамд, манай сургуулийн
гадаад хэлний бакалаврын бүх хөтөлбөр улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн нь
төгсөгчдийн тухай эерэг үнэлэмжийг ажил олгогчдод төрүүлдэг юм. Мөн магистр,
докторын Гадаад Хэл Шинжлэл болон Гадаад Хэлний Орчуулга ахисан түвшний
хөтөлбөрөөр сургалт явуулахын хамт эрдэм шинжилгээ, судалгааг олон улсын
түвшинд хүргэн, өндөр түвшний судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх боллоо.
Университет,
факультет, декан, ректор зэрэг үгийг монголчуудын чихэнд анхлан дуулгасан манай
их сургууль өдгөө дижитал сургууль, хиймэл оюун ухаан, цахим сургалт зэрэг өнөө
цагийн шинэ шаардлагыг хангахуйц сургалтын хөтөлбөр, сургалтын орчныг
бүрдүүлэн, орон зай, цаг хугацааг үл хамааран, насан туршдаа сурч боловсрох
сургалтын хэлбэрүүдийг бий болгон, дэлхийн чиг хандлагад дэвшин өөрчлөгдөж
байна.
Үүний
зэрэгцээ төрийн тэргүүлэх их сургуулийн хувьд сургалтын үйл ажиллагаанаас гадна
улс эх орныхоо өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг даван гарах суурь судалгаа
хийх, төр засгийн бодлого шийдвэрийг шинжлэх ухаанч байлгах судалгаагаар
үйлчлэх үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн билээ.
Даяаршлын үед
Монгол Улсын харилцаа өргөжин тэлж, дэлхийн улс оронтой нийгэм улс төр, эдийн
засаг, бизнес, соёлын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх болсон нь гадаад
албаны ажилтан бэлтгэдэг тухайн үеийн МУИС-ийн Олон Улсын Харилцааны дээд
сургуульд 2003 онд Дипломат орчуулгын тэнхимийг байгуулах шаардлагыг бий
болгосон юм. Тус тэнхимээс орчуулгын сэдэвт ЭШ-ний хурлыг санаачлан хийж
эхэлсэн нь орчуулгын бүтээлийн судалгаа шинжилгээг шинэ шатанд гаргасан билээ.
Мөн
МУИС-ийн тухайн үеийн Гадаад хэл, соёлын сургуульд 2013 оноос Орчуулгазүйн
Профессорын баг бүрдэж, гадаад хэлний салбар дундын эрдэм шинжилгээний ажлыг
орчуулгазүйн чиглэлээр гүнзгийрүүлэн хийж эхэлснээс гадна, “Гадаад хэлний
орчуулга” бакалавр, магистрын хөтөлбөрийг боловсруулан сургалтын үйл
ажиллагаанд нэвтрүүлсэн юм. Энэ үеэс тус сургуульд “Орчуулгазүй”-н эрдэм
шинжилгээний хурлыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд эдүгээ 12 дахь удаагийн
хурлаа хийхээр бэлтгэж байна. МУИС-д бүртгэлтэй, олон улсын эрдэмтдийн хяналтын
зөвлөлтэй, олон улсын бүртгэлтэй “Орчуулгазүй” сэтгүүлийн 11 дугаар гарч, нээлттэй нэвтрэх цахим сэтгүүл болон хөгжиж
байна. Энэ сэтгүүл нь хэл шинжлэл, орчуулгазүй, орчуулгын шүүмж, эрдэм
шинжилгээний орчуулга гэсэн булантайгаар жил тутам хэвлэгдэн гардаг болоод арав
гаруй жил болжээ. Мөн орчуулга судлалаар бакалаврын болон магистр, докторын
судалгааны ажлыг тус сургуулийн сургалтын хөтөлбөрийн дагуу суралцагчдыг удирдан
хийлгүүлж, орчуулгын шүүмж судлалын нэг чиглэлийг амжилттай хөгжүүлж байгаа юм.
Орчуулгын
сургалт, эрдэм шинжилгээний ажлын зэрэгцээ орчуулгын тухай хэлэлцүүлэг,
орчуулгын дугуйлан тогтмолжиж, нийгмийн хүрээний орчуулгын бүхий л салбарын
тулгамдаж буй асуудалд ч багш эрдэмтдийн зүгээс анхаарал хандуулж, төр хувийн
хэвшлийн орчуулгын үйлчилгээний чанар, орчуулагч, хэлмэрчдийн ур чадварт задлан
шинжилгээ, зах зээлийн судалгаа хийж, орчуулгын салбарын удирдлага чиглэл
тодорхойгүй, үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдал оршиж байгааг тодорхойлж,
үүнийг цэгцлэн сайжруулах хамгийн зөв гаргалгаа бол орчуулгын чанар стандартыг
төгөлдөржүүлэх, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, салбарын асуудлыг нийтээр
хэлэлцэж, орчуулгын салбар бүрийн чиглэл, зорилгыг зөв оновчтой тогтоох
асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн явдал юм. Юуны түрүүнд 2017 онд
ISO:17100 олон улсын стандартыг 1:1 буюу MNS: 17100 “Орчуулгын үйлчилгээний
шаардлага” стандарт болгон, монгол хэлээр орчуулан, Монгол Улсын стандартад
нэвтрүүлэх ажлыг хийж, цаашид орчуулах, хэлмэрчлэх үйл ажиллагааны бусад
стандартыг боловсруулах, нутагшуулах ажлыг хийхээр ажиллаж байна.
2021 онд МУИС-ийн
Шинжлэх Ухааны Сургуулийн дэргэд “Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний
төв” байгуулагдаж, орчуулагч, хэлмэрчийн ур чадварыг үнэлэх үнэлгээний аргазүйг
судлах, аргачлалыг боловсруулах ажлыг эхэлсэн юм. Энэ төвийн судлаачид МУИС-ийн
өндөр түвшний “Орчуулгын чадамжийн судалгаа” төслийг хэрэгжүүлж байна. Эдүгээ
энэ багийн судлаачдаас Монголын Орчуулагчдын анхдугаар чуулганыг хийх
санаачилгыг гаргаж, уг чуулганыг үр дүнтэй хийхийн тулд ихээхэн хүчин чармайлт
гаргасан болохыг энд тэмдэглэж байна.
Энэ санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжин үндэсний хэмжээний
анхдугаар чуулганыг ивээлдээ зохион байгуулж буйд гүн талархлаа
илэрхийлье. Мөн чуулганыг хамтран зохион байгуулж буй манай улсын хамгийн том
мэдээллийн агентлаг-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн удирдлага, хамт
олонд талархал илэрхийлж, орчуулах, хэвлэн нийтлэх их үйл хэрэгт нь амжилт
хүсье.
Энэ танхимд хуран чуулж буй орчуулгын салбарын олон талын төлөөлөлд анх удаа салбарын асуудлаа нийтээрээ хэлэлцэх гэж буйд нь баяр хүргэж, чуулганы ажиллагаанд амжилт хүсье!