Б.Бурмаа: Цаг үетэйгээ зохицон өөрийгөө хөгжүүлж явах нь хувь хүний эзэмшвэл зохих нэг соёл
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГАУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Эрүүл хүнс таны сонголт уриатай” үндэсний манлай үйлдвэр, Монголын топ 100 аж ахуйн нэг “Талх чихэр” ХК 40 жилийн түүхэн ойгоо өнөө жил тэмдэглэж буй. Тус компанийн санхүү хариуцсан захирал Б.Бурмаатай ярилцсан юм.
-Яг анх ажилд орж байсан тань хамгийн тод үлдсэн дурсамжаа хуваалцана уу?
-Миний хувьд ШУТИС-ийн КТМС-д суралцаж байлаа. Тухайн үед манай
сургуулиас бүх оюутныг дадлага хийх байгууллагатай бол гэсэн учраас хамаатныхаа
ахаар зуучлуулан “Талх чихэр” компанид дадлага хийхээр ирж байлаа. Тухайн үед манай
сургууль 3 жилээр дипломын зэрэгтэй, компьютерийн инженер мэргэжлээр төгсгөж,
үргэлжлүүлэн хоёр жил сургаж байж мэдээллийн технологийн менежер гэсэн
бакалаврын зэрэг цол олгодог байв. Тэгээд дадлага хийж байхад “Талх чихэр” компани
намайг цааш нь ажиллах уу гэсэн санал тавьсан. Тэгээд 1994 оноос, одоогийнхоор
бол тал цагийн ажилтан болсон. Үлдсэн цагт нь сургуульдаа явангаа ажлаа хийдэг
байв. Тэр үед би залуу, гэр бүлгүй байлаа. Гэр маань нэгдүгээр хорооллын 32
дугаар байранд байсан. Тэгэхээр би гэр рүүгээ яардаггүй, ажил дээрээ илүү олон
цаг сууж ажилладаг байв. Тухайн үед санхүү бүртгэлийн программ их саатдаг, нэг
үгээр хэлбэл төгс хөгжөөгүй байсан үе. Сар сараараа мэдээлэл нь устчихдаг
байлаа. Тэр үед нягтлангууддаа их тусалдаг байлаа. Миний өнөөдрийн “Талх чихэр”
компанид санхүү хариуцсан захирал хийгээд явж байгаа минь тухайн үеийн санхүү
бүртгэлийн программын сул тал байсан гэж хэлж болох талтай. Тэр үе л намайг
нягтлан бодох бүртгэлийн салбар руу эргэлт буцалтгүй оруулж дуртай болгосон. Үргэлжлүүлэн
МУИС-ийн эдийн засгийн нягтлан бодох бүртгэлийн ангийг 2008 онд төгссөнөөр хос
мэргэжилтэй болсон юм /инээв/. Өнөөдөр би 27 дахь жилдээ “Талх чихэр” ХК-даа
ажиллаж байна.
-Анх “Талх чихэр”
хэмээх их айлын босгыг чухам ямар шалгуурыг ийнхүү амжилттай давж байв, Та?
-Ер нь би их сониуч, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй. Дээр нь “Талх
чихэр” компанид ажилд орж байсан тэр үед миний мэргэжил шинэ байсан. Учир нь, задалчихсан
компьютерыг Сингапураас манай ерөнхий нягтлан оруулж ирсэн. Би 20 гаруй компьютер
угсарч байснаа санадаг юм. Гэхдээ би КТМС-д компьютер угсрахыг заалгаагүй шүү дээ.
Тэгээд анх хүмүүст яаж mouse барихыг зааж өгөөд компьютерт программ суулгаад л
гүйж явлаа. Юм ч хурдан сурдаг байж дээ. Тэр чадвараараа би энэ компанийнхандаа
их таалагдсан юм болов уу гэж боддог юм.
Нэг дурсамжаа та бүхэнтэй хуваалцъя. Би орой хүртэл ажил
дээрээ суудаг байсан үе л дээ. Москва хороолол 1997 оны үед сураггүй байв.
Миний амьдарч байсан 32 дугаар байр 1-р хорооллын ард талын байр шүү дээ.
Тэгээд би ажлаасаа гараад зам товчлоод далан дээгүүр шууд явдаг байв. Далан
дээгүүр явахад дулааны хоёр том хоолой байдаг байсан. Тэр дээгүүр циркийн
жүжигчин шиг тэнцвэрээ бариад л гараад явчихдаг байлаа. Шөнө ч хамаагүй тэгээд л
явчихна. Залуу ч байж, зоригтой ч байж гэж боддог юм. Одоо бол тэнд гарц,
гүүртэй болсон. Бүхэл бүтэн хороолол баригдчихсан. Цаг өнгөрөхийн хэрээр
амьдарч байгаа орчин маань ч ингэж өөрчлөгджээ.
-Хувь хүний хувьд хэрхэн өөрчлөгдсөнөө хуваалцаж болох уу?
-Хамт олноосоо сурч мэдсэн зүйл асар их шүү дээ. “Талх чихэр” компанид туршлагатай, чадвартай хүмүүс олон байсан. Социализмын хүмүүжилтэй, гадаад дотоодод мэргэжил эзэмшсэн ах эгч нарын дунд хүмүүжиж, тэдний тогтоосон соёл, хүмүүжлээр хүмүүжсэн нь өнөөдрийн намайг бүтээсэн гэж талархаж явдаг. Цаг үетэйгээ зохицон өөрийгөө хөгжүүлж боловсруулж явах нь хувь хүний эзэмшвэл зохих нэг соёл гэж би боддог. Харин одоо байгууллагадаа ахмадынхаа тоонд ороод явж байна. Мэдээж залуучуудаасаа суралцаж, туршлага мэдлэгээ тэдэнтэй хуваалцаад явж байна.
-Шантрах, ер нь больё доо гэх үе тохиолдож байв уу. Тэр үеийг
хэрхэн даван туулж сурсан бэ?
-Би ер нь амьдралдаа шантарч үзээгүй ээ. Хүн дуртай ажлаа
хийж байгаа цагт шантардаггүй гэж би хэлэх дуртай. Би шинээр ажилд орохоор ирж
байгаа залуу боловсон хүчинтэй ажлын ярилцлага хийхдээ, “Чи яг энэ ажлыг үнэхээр
хийх дуртай байна уу, Энэ компанид ажиллах чин хүсэл сонирхол байна уу, хамт
олон нь чамд таалагдаж байна уу” гээд тухайн хүнийхээ хүсэл сонирхлыг мэдэхийг
эрхэмлэдэг.
-Зэмлүүлэх үе байсан уу?
-Би зөндөө зэмлүүлж байсан. Энэ бүхнийг давж байж л
урагшилна. Үргэлж сайхан бүтдэг ажил гэж юу байх вэ. Тэгэхээр би үг сайн сонсож,
үг дааж явах ёстой, дээрээс нь хүнтэй хүн ёсоор харьцах ёстой гэсэн зарчмыг
өөртөө барьж явдаг. Гэхдээ би тухайн зэмлэлийг өөртөө хүндээр тусгаж авдаггүй.
Ажлаас болсон маргааныг би ажил сайжруулах гэснийх гэж ойлгодог. Ажил дээр
болсон асуудал ажил дээрээ л дуусдаг. Хүнд гаргасан уураа бусдад нялзаах, бусад
хүнийг бухимдуулахгүй байх нь хамгийн чухал гэж би үздэг.
-Одоо та удирдлагын багт ажиллаж байна. Ажилчдаа хэр их
зэмлэдэг вэ?
-Зэмлэнэ ээ зэмлэнэ. Тэгэхээр яг үнэхээр буруутай хүнийг
бурууг нь олоод загначихад тэр хүн хэзээ ч гомдоод байдаггүй.
-Та бол өнөр хамт олны гишүүн шүү дээ. Өнөр бүлд ажиллаж
амьдрах юу чухал, юу нь гайхалтай санагддаг вэ?
Манайх 2 хүүхэдтэй л дээ. Олуулаа байх дуртай болохоор
төрсөн өдрөө хэзээ ч дөрвүүлэхнээ тэмдэглэж байгаагүй, олуулаа байх дуртай.
Тийм ч учраас би “Талх чихэр” дээрээ хамт олныхоо дунд байхаар надад их сайхан
санагддаг.
Саяхан бид компанийнхаа 40 жилийн ойг тэмдэглэсэн. Бүгдээрээ
сэтгэл хангалуун, бүгд зүрх сэтгэлээсээ баярлаж, урам зориг нь үнэхээр ундарч
бадарч байгааг бие биенээсээ олж харцгаасан.
-Таны анх ажилд орсон үеэс өнөөдрийн “Талх чихэр” компани
хэр өөрчлөгдсөн бэ?
-Компанийн маань одоогийн байдал, ажилтнуудын ажиллах орчин,
тав тух компанийн гаднаас харагдах байдал бол үнэхээр 20 хэдэн жилийн өмнөхтэй
харьцуулшгүй.
Компани маань өөрөө нийгмээ дагаад нийгмийнхээ хөгжлийг
дагаад дэвшин хөгжсөөр байна. Бид маш олон улс орны ижил төстэй үйлдвэрүүдийн
туршлага судалж ажилладгийнхаа хувьд хамгийн шинэлэг бүхнийг нэвтрүүлэхийг
хичээж ирсэн.
-Танай компани ямар шинэ стандартыг хамгийн сүүлд
нэвтрүүлээд байна вэ?
-Бидний хамгийн сүүлд хэрэгжүүлсэн стандарт бол ХАБ. Үйлдвэр
дээрээ болоод үйлдвэрийн орчинд, компанийн хашаа руу орсноос хойших бүхий л
аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж ажиллаж байгаа. Жишээлэхэд, ажилчдын хоолонд
манай итгэмжлэгдсэн лаборатори байнга хяналт тавьж байна. Аюулгүй, эрүүл хоолоор
ажилчиддаа үйлчилж байна. Монгол ногоогоор, Мах импексийн зориулалтын газар
бэлтгэсэн малын махаар ажилчдынхаа хоол хүнсийг бэлтгэдэг.
-“Талх чихэр” компани залуучууд олонтой байх. Тэдэн рүү
чиглэсэн ямар бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлдэг вэ?
-“Талх чихэр” ХК бол 1200 гаруй ажилтантай. Тэдний маань бараг
40 гаруй хувь нь 1-3 жил ажилласан шинэ төгсөгчид, шинэ ажилчид. Тиймээс “Талх чихэр”
ХК бол СХД-ийн шинэ оршин суугчдад хамгийн ээлтэй ажлын байрыг үргэлж санал
болгодог. Тэдэнд үүд хаалга маань үргэлж нээлттэй байдаг. Жендэрийн хувьд ч асар
мэдрэмжтэй компани гэж хэлж болно. “Талх чихэр” ХК-ийн удирдах албан тушаалтнуудын
бараг 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэр утгаараа эмэгтэйчүүддээ нэлээн ээлтэй,
хамгийн ая тухтай орчныг бүрдүүлэхийг эрхэмлэдэг. Үндэсний манлай үйлдвэрийнхээ
хувьд ч хөдөлмөрийн хуулиудыг чанд хэрэгжүүлж ажилладаг.
Манай компанид ажилчдын хамтлаг бий. Тэднийхээ оролцоотой урлаг
соёлын үйл ажиллагаа зохион байгуулж, урамшуулалт нэмэгдэл цалин олгодог. Мөн
биеийн тамир спортын багуудынхаа байнгын бэлтгэл сургуулилттай байх бололцоог
нь хангаж өгдөг. Мөн бид жижиг жижиг хобби, клубүүдийг ажиллуулдаг. Сэтгэл
зүйчийн багийг хүртэл компани дээр ажиллуулдаг. Байгууллагад манлайлагч байхгүй
бол оршин тогтнох боломжгүй. Тиймээс албан бус манлайлагчид буюу компанийг авч
явж буй түлхүүр ажилтныг бид голлон анхаардаг.
-Компанийнхаа бахархал болсон ямар хүнийг та хүндлэн биширч
явдаг вэ?
-“Талх чихэр” компанийнхаа ууган ажилчдаар бахархаж явдаг.
Тэд бол яг үнэнийг хэлэхэд өнөөдрийн биднийг бий болгох тэр үндэс суурийг тавьж
өгсөн. 1984 онд анх “Талх чихэр” ХК-д ажиллаад одоо гавьяаныхаа амралтад сууж буй
Янжин гавьяатыгаа би хамгаас хайрлаж хүндэлж явдаг. Тэр хүн бол үнэхээр
гайхалтай удирдагч эмэгтэй байсан. “Талх чихэр” ХК-д гавьяаныхаа амралтад
гартлаа 40 гаруй жил хүч хөдөлмөрөө зориулсан хүн юм. Тэр эмэгтэй бол миний
бахархал. Янжин гавьяат шиг олон сайхан хүнийг манай хамт олон даган дуурайж
явдаг.
-“Талх чихэр” ХК гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хэрхэн
хөгжүүлж ирсэн бэ?
-Би 2015-2019 онд Америкт мастерын зэрэг хамгаалсан. Тэр
үеэс хойш компанийнхаа гадаад харилцаанд илүү түлхүү оролцох болсон. Саяхан бид
40 жилийнхээ ойг хийхэд гадаадын хамтрагч байгууллагуудаасаа урихаар 40 хэдэн
улсын 100 гаруй удирдах албан тушаалтны нэр гаргасан. Тэгэхээр манай компанийн
гадаад харилцаа хэр өргөжсөн, хэрхэн цар хүрээгээ тэлснийг харж болно байх.
-Ер нь, “Талк чихэр” компани хэчнээн нэр төрлийн
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж байна вэ?
-За мэдээжийн хэрэг үйлдвэрлэгч компаниудын ард заавал
борлуулалт хийдэг компаниуд байдаг. “Талх чихэр” ХК бол борлуулалтын
сүлжээгээрээ Улаанбаатар хотдоо дээгүүрт ордог. Бараг л 1 дүгээрт явдаг байх. Манайх
өдөр болгон 100 гаруй борлуулалтын машиныг 100 чиглэл рүү хамгийн шилдэг, шинэ
бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэдэг гэдгээр үнэхээр агуу том борлуулалтын
сувагтай. Тэгэхээр яг энэ завшааныг ашиглаад манай компанийн бүтээгдэхүүнийг
борлуулагч, худалдааны салбарынхандаа халуун талархлаа дэвшүүлье.
-Орон нутагт яаж бүтээгдэхүүнээ хүргэж байна вэ?
-Одоо “Талх чихэр” ХК-ийн өдрийн 60 тонн талх 16 тонн нарийн боовыг цэвэр Улаанбаатар хотдоо л борлуулдаг. Хөдөө орон нутагт төдийлөн бүтээгдэхүүнээ хүргэж чадахгүй байна гэж хэлж болно. Энэ сул талаа судалж мэдсэний үндсэн дээр “Өв соёл” үйлдвэрийг 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Энэ маань одоо яах вэ гэхээр хөдөө орон нутагт борлуулах зориулалттай, арай урт хугацаанд хадгалах боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Удахгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчидтэйгээ бид шинэ үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүнтэй уулзах болсондоо нэн баяртай байгаа.
Ярилцсан Ц.Анхбаяр