ДУНДГОВЬ: “Уран” Пүрэвийн урласан мөнгөн гүц, ээмэг, бөгж музейд хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын
гавьяат зүтгэлтэн, “Мастер дархан” Жаалын Пүрэв агсны урласан олон бүтээл
аймгийн ЗДТГ, музейд хадгалагдаж байна.
Нутагтаа “уран” хэмээн
алдаршсан Ж.Пүрэв удам дамжсан унаган авьяастай уран дархан хүн. Тэрбээр гол
төлөв төв халхын хийцээр хөөмөл, цутгуур, баримлын аргаар алт, мөнгө, зэс
гууль, үнэт эрдэнийн чулуу, үнэт мод, арьс ширээр хослуулан урладаг онцлогтой.
Ж.Пүрэв монгол дархны шилдэг
урлалын бүхий л аргыг чадварлаг эзэмшин, мөнгөн гүц, домбо, хослол, цар, хундага, мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй бүс, үсний даруулга,
бурхан, сангийн войпор, хөөрөг, хүрд, цөгц, очир зэрэг 30 гаруй төрлийн 2400
гаруй бүтээл урлажээ.
Түүний урласан уран дархны
бүтээлүүд тус бүрдээ өвөрмөц онцлогтой, уран чамин хийцтэйгээрээ алдартай.
Бүтээлдээ алт, мөнгө, зэсийг орон нутгийн үнэт чулуугаар чимж, хослол аргаар хийдэг нь өвөрмөц шинжээ хадгалдаг ба түүний урласан монгол эмэгтэйн гоёлын иж бүрдэл, мөнгөн завьяа зэрэг нь музейд тавигдаж, соёлын өвд бүртгэгджээ.