ДАРХАН-УУЛ: Хотын ойн өдөр ИТХ-ын анхдугаар хуралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо аймаг, сумын ИТХ-ын 2024 оны сонгуульд хамгийн олон санал авч сонгогдсон төлөөлөгчдийг баталгаажуулжээ.
Уг тогтоолыг үндэслэн аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зарлан хуралдуулах тухай тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат болон нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Буманцэцэг нарт өргөн барив.
Тогтоолыг аймгийн сонгуулийн хорооны дарга О.Хүрэлчулуун болон гишүүдийн хамт ЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд гардууллаа.
Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд батлагдсан ИТХ-ын анхдугаар хуралдаан Дархан хот байгуулагдсаны түүхт 63 жилийн ойн өдөр тохиож байгаагаараа онцлогтой юм.
Аймгийн хэмжээнд 45 хэсгийн хороогоор дамжуулан сонгогчдын санал хураах үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд нийт 70.641 сонгогч сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 30.277 сонгогч саналаа өгч 46 хувийн ирцтэй энэ удаагийн сонгууль өндөрлөсөн бол аюулгүй байдал, бусад зохион байгуулалтад 770 гаруй алба хаагч ажиллажээ.