Тэрбум мод: Малчин Т.Төмөрчулуун орон нутгаас бэлтгэгдсэн мянган сургагч багшийн нэг болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр ойн салбарт, улсын хэмжээнд мянган сургагч багш бэлдэх зорилт тавин хэрэгжүүлж байна.
Мянган сургагч багшийн нэг нь Дундговь аймгийн Хулд сумын “Олдох” буюу II багийн малчин Т.Төмөрчулуун юм.
Өдгөө 72 настай тэрбээр нутгийн иргэд, хүүхэд багачуулд мод тарьж ургуулахыг зааж, зөвлөж туслахаас гадна өөрөө 60 шахам га-д 6 төрлийн мод тарьж хүч, хөдөлмөрөөр үлгэрлэж яваа нэгэн юм. Тэрбээр хааш хаашаагаа 800 метр талбайд хайлаас, шар хуайс, буйлс, бут, сухай, нутгийн харгана ургуулж байна. Эдгээр модыг тарих хүмүүст суулгацаа бэлдэж өгдөг байна.
Анх 3500
суулгац авчирч тарьснаас эхний жил 80 хувь ургасан нь түүнд урам өгчээ. Гэхдээ
дараагийн жилээс ургалт 70 хувь хүрч буурч байсан ч зэргэлдээ Өмнөговь аймгаас
суулгац авч нөхөн тарьж иржээ.
Модоо гүний худгаас ус
татан, 100 тонны багтаамжтай усан сан байгуулж хоолойгоор дамжуулан усалдаг
байна. Нийт талбайн ихэнх хувийг 14 га хайлаас эзэлдэг аж.
Т.Төмөрчулуун гуай 2008
оноос мод тарьж эхэлжээ. Энэ хугацаанд ногооны хашаа барих, цахилгаанаар
хангах, мод, ургамлын үр суулгахад тусалж дэмжиж ирсэн сум, аймаг орон нутгийн
удирдлага, сумын цэцэрлэг, сургууль, эмнэлгийн ажилчид, сурагч нарт талархаж
байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрбээр, мод, ногоо тарьж
ургуулна гэдэг зүгээр нэг суулгац авчраад тарьчихдаг ажил биш. Энэ нь ялангуяа
говийн нөхцөлд амаргүй ажил. Энэ бүхэнд олон хүний сэтгэл шингэсэн учраас би
ургуулахгүй л бол болохгүй гэсэн итгэл хүлээн зүтгэл гаргаж, мод тарихад дуртай
болоод явж байна даа гэв.
Т.Төмөрчулуун гуай ногооны хашаандаа 10 метр өргөн, 12 метрийн урттай хүлэмжийг чулуу цуглуулан барьжээ. Хүлэмжээ мөн актлагдсан автобусны шил ашиглан барьжээ. Автобусны цонхны шил ашиглах нь хэдийгээр стандарт бус ч гэлээ гүйгдэж онгойдог учир хүлэмжиндээ агаар оруулахад яг тохирдог, мөндөр орлоо гэхэд цохиулдаггүй гэж байлаа.
Хүлэмжиндээ, хойтон хавар тарьж ургуулахаар сибирийн цагаан бургас болон сухай, хайлаасны суулгацуудыг тавьсан харагдлаа.
“Говийн нөхцөлд мод тарьж ургуулахад ямар бэрхшээл гарч байна. Цаашид
шийдэхээр зүйл юу байна?” гэхэд:
-Хөдөө, орон нутагт амьдардаг миний хувьд мал орохгүй, хашчихаар, найдвартай хашаатай болохыг зорьж байна. Үүнд материал их шаарддаг. Мөн хүнсний ногоогоо бүрэн тарьчих найдвартай хүлэмжтэй болох хүсэл бий. Мод, ургамал, ногоо тарьж буй иргэдэд аймаг, орон нутаг, улсаас урамшуулал өгч байвал “Тэрбум мод” хөдөлгөөн улс даяар, дээр, дооргүй, газар дээрээ хэрэгжих бүрэн боломжтой гэж байлаа.
Манай улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулсан
байх “Тэрбум мод” хөдөлгөөний зорилтыг тэрбээр тайлбарлахдаа, “Тэрбум модыг
иргэн бүрд хувааж үзэхэд нэг хүнд 3 мянган мод ногдох тооцоо гарч байгаа юм. Миний
хувьд 10 мянган мод тариад байна” гэсэн юм.