Дэлхийн алдартнууд хиймэл оюуныг хөгжүүлэгч компаниудын эсрэг мэдэгдэл гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОНДОН, 2024 оны аравдугаар сарын 24 /The Guardian/. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд өөрсдийнх нь бүтээлийг ашиглаж байгааг дэлхийн урлаг, соёлын зүтгэлтнүүд эсэргүүцлээ.
Тодруулбал, 11 мянга гаруй алдартан технологийн компаниуд хиймэл оюуны загварт суурилсан шинэ бүтээлүүдийг бүтээхдээ өөрсдийнх нь бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгааг эсэргүүцсэн мэдэгдэлд гарын үсэг зуржээ.
“Дэвшилтэт хиймэл оюун ухааныг сургахдаа оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах нь эдгээр бүтээлийг туурвисан хүмүүсийн хувьд шударга бус бөгөөд амьжиргаанд нь ноцтой нөлөөлж байгаа тул үүнийг тэвчиж болохгүй" гэж уг мэдэгдэлд дурдсан байна.
Эл мэдэгдэлд жүжигчин Жулианна Мур, “Radiohead” хамтлагийн гоцлол дуучин Том Йорк, ABBA хамтлагийн гишүүн Бьорн Ульвеус, зохиолч Казүо Ишигүро, жүжигчин Кевин Бейкон, хөгжмийн зохиолч Макс Рихтер зэрэг алдартнууд гарын үсэг зурсан байна. Хиймэл оюуныг хөгжүүлэгч компаниудын эсрэг ийм мэдэгдэл гаргахыг Их Британийн хөгжмийн зохиолч, “Stability AI” технологийн компанийн топ менежер асан Эд Ньютон-Рекс санаачилжээ.