Шүдний тасаг ачааллаа дийлэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-18 09:49:52

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний лаборатори ачааллаа дийлэхээ болилоо. Шүдний ганц өрөөтэй, хоёр эмчтэй бөгөөд тус тасагт өдөрт 30-аад хүн үйлчлүүлдэг. Нэгдсэн эмнэлэгийн цахим бүртгэл дээр шүд авах 15, эмчлэх 20 хүний цаг бичдэг байна.

Гэвч энэ шүдний эмчид үзүүлэхийн тулд үүрийн 4 цагт ирж дугаарлаж байж цаг авах тохиолдол ч гардаг байна. Энэ талаар холбогдох албан тушаалтнаас асуухад "Шүдний тасгийн эмч ажилчид болоод багаж тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх гэхээр төсөв мөнгө хүрдэггүй, улсаас баталж өгсөн орон тоон дээр л эмч сувилагчаа авч ажиллуулж байна. Хаа хаанаа хүнд байгааг ойлгох хэрэгтэй. Орчин үед бага насны хүүхдийн шүдний өвчлөл ихэссэн. Энэ нь хүүхдүүдийн идэж ууж байгаа хүнснээс маш их шалтгаалж байгаа. Тиймээс дан ганц эмнэлэгт буруу өгөхгүйгээр, эцэг эхчүүд, иргэд өөрсдөө хувийн ариун цэврийг сахих, багачууддаа үлгэрлэл үзүүлэх хэрэгтэй" гэсэн мэдээллийг өглөө. 

Аймгийн хэмжээнд шүдний хувийн эмнэлэг ганц ч байдаггүй. Нэгдсэн эмнэлэгт цаг авч чадахгүй бол зэргэлдээ аймаг болох Орхон аймаг руу очиж хувийн эмнэлэгт мөнгөө төлөөд үйлчлүүлдэг иргэд ч байгаа.

П.Батням

Холбоотой мэдээ