ДОРНОД: Аймгийн төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-25 15:00:26

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж, төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэж байна. Энэ оны тухайд хоёр дахь удаагаа төсөвт тодотгол хийж байгаа юм.  


Төрийн аудитаас "Петро чайна дачин Тамсаг" компанийн үйл ажиллагаанд 2020 онд төлбөрийн акт ногдуулж, энэ асуудал гурван шатны шүүхээр эцэслэгдэж, 2023 онд Дээд шүүхээс хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байдаг. Энэ актыг төсвийн орлогод төвлөрнө гэж тооцож байсан ч 2024 оны 7-р сар хүртэл аймгийн төсөвт төвлөрөөгүй учир хүндрэл үүсжээ.


Одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлээд байна. Аймаг орон нутгаас "Петро чайна дачин Тамсаг" ХХК-ийн дансыг энэ оны 4-7 дугаар сард хаасан ч асуудал Засгийн газрын түвшинд яригдсан учраас дансыг нь нээж, одоог хүртэл актын төлбөр орж ирээгүй байгаа юм. Дээрх шалтгаанаар эхний удаад төсөвт тодотгол хийжээ. Харин энэ удаад улсын төсвийг дагаж аймгийн төсөвт тодотгол хийж байна.


Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа: "Манай аймгийн төсөвт Шинь шинь, Степ гоулд ХХК-иас багагүй хэмжээний аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төвлөрүүлдэг. Энэ онд Сангийн яам "Шинь шинь" ХХК-иас 12 тэрбум төгрөгийн ААНОАТ төвлөрнө гэж төлөвлөсөн байсан ч өнөөдрийн байдлаар дөнгөж нэг тэрбум гаруй төгрөгийн ноогдолтой байгаа нь хүндрэл үүсгэж байна" гэв.

Холбоотой мэдээ