Монгол Улсад цөмийн туршилт, тэсрэлтийг мэдэх, мэдээлэл авах боломжтой гурван станц байрладаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024
оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд ШУА-ийн Одон
орон, геофизикийн хүрээлэнд өнөөдөр зочилж, ШУА-ийн судлаач эрдэмтэдтэй уулзалт
хийлээ. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Монгол
оронд та анх удаа ирж буй сэтгэгдлээ хуваалцана уу?
-Тийм ээ, энэ бол Монгол Улсад
хийж байгаа миний анхны айлчлал. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага /ЦТБХГБ/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын түвшний 2 дахь
айлчлал юм. Монгол Улс нь цөмийн туршилтыг хориглох гэрээний хүчтэй
дэмжигчдийн нэг. Энэхүү гэрээнд 1997 онд нэгдэж, гарын үсэг зурсан анхны
цөөн орны нэг л дээ. Тэр цагаас хойш ч үргэлж байр сууриа хатуу дагаж мөрдөж ирсэн гэж үздэг.
-Манай улсын энэ салбарын бодлого үйл ажиллагааг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Манай ЦТБХГБ-тай
Австри улсын Вена хот дахь Элчин сайдын яамаар шууд дамжуулан Монгол Улс
харилцдаг. Элчин сайд манай байгууллагын хүрээнд Монгол Улсын эрх ашиг,
сонирхлыг маш сайн төлөөлж ажиллаж байгааг энэ ташрамд тэмдэглэмээр байна.
Монгол Улсад дэлхийн станцуудын нэг хэсэг болсон, манай хяналтын 3 станц байрладаг. Энэхүү 3 станцаас аль ч үед дэлхий даяар болсон цөмийн туршилт, тэсрэлтийг мэдэх, мэдээлэл авах боломжтой. Монгол Улстай хамтын ажиллагаагаа цаашдаа ч бид сайжруулах эрмэлзэлтэй байдаг. Энэ хүрээнд ажилтнуудыг нэмж сургах, станцуудын тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай болж байгаа.
Тодруулга: АНУ-ын Нью Йорк хотноо 1996 оны 9 дүгээр сарын 10-нд болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганаар Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хэлэлцэн баталжээ. Гэрээнд нэгдэн орсон орнууд Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагыг 1996 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Австри улсын Вена хотод байгуулж байв.
Анх уг гэрээнд дэлхийн 71 улс гарын үсэг зурж, нэгдэн орсон бол эдүгээ 187 орон гарын үсэг зурж 178 нь уг гэрээг баталгаажуулсан байна. Монгол Улс уг гэрээнд 1996 оны 10 дугаар сарын 1-ний өдөр нэгдэн орж, 1997 оны 8 дугаар сарын 8-ны өдөр баталгаажуулжээ.
Монгол Улсад газрын чичирхийллийг бүртгэх бичил сүлжээ станц PS2588, нил авианы станц IS34, радионуклидын станц RN45 болон агаар дахь цацраг идэвхт бодисын фоны өөрчлөлтийг хэмжих ноблегаз SPALAX-ын станцууд ажиллаж байна.