“Хятад орныг танин мэдэх нь: Өвөр монголын соёлын өдрүүд” эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Хятад орныг танин мэдэх нь: Өвөр монголын соёлын өдрүүд”-ийн нээлт Соёлын төв өргөөнд өнөөдөр боллоо.
Эл соёлын өдрүүдийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, ӨМӨЗО-ы Ардын
Засгийн газар болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран 12 дахь удаагаа
зохион байгуулж буй юм.
Энэ удаагийн соёлын өдрүүдийг бие хамгаалах урлагийн үзүүлэн тоглолт, утга зохиол, ном хэвлэл, уламжлалт анагаах ухааны оношилгоо, сургалт, кино уран бүтээлийг олон нийтэд толилуулах зэрэг өргөн агуулгатай зохион байгуулж буйгаараа онцлогтой.
ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал хэлэхдээ, “Монгол, Хятад хоёр улсын соёлын харилцаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр улсын сонгодог бүтээлийг харилцан орчуулах, соёлын чиглэлээрх хурал чуулган, уулзалт, наадамд харилцан урьж оролцуулах, уран бүтээлчдийн үзэсгэлэнг харилцан зохион байгуулах, Үндэсний урлагийн их театр, спорт цогцолборын барилга байгууламжийг бүтээн байгуулах, соёл, урлагийн наадамд урьж оролцуулах зэрэг олон агуулгатай тасралтгүй хөгжиж ирсэн юм. Цаашид Монгол, Хятад, Орос улсын “Цайны зам” соёлын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, хоёр улсын соёл, аялал жуулчлал, спорт, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Гадаад харилцаа, хэвлэл, мэдээллийн албаны дарга, ноён Жян Шиньхуй хэлэхдээ, “Хятад, Монгол хоёр бол уул усаараа холбогдсон найрсаг хөрш. ӨМӨЗО нь Монголтой хил залгаа Хятадын мужийн хувьд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн найрсаг, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг чанд мөрдөн, хөршүүдтэйгээ сайн найз, түнш байх дипломат бодлогыг баримтлан, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Монгол Улстай газарзүйн хувьд ойр, соёлын хувьд ажил төстэй зэрэг давуу талаа бүрэн дүүрэн ашиглаж, хоёр орны худалдаа эдийн засаг, соёл, эрүүл мэнд, экологи, боловсрол гэгээрэл зэрэг олон салбрын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж, Хятад, Монгол хоёр орон олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, найрамдлыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Энэхүү Соёлын өдрүүдийн үйл ажиллагаа нь хоёр орны соёлын солилцоог хөгжүүлж, ард иргэд харилцааг гүнзгийрүүлэхэд илүү бат бөх суурь болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэ үеэр Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн тусгай
тоглолт үзүүллээ. Хятадын Шаолины Үшүгийн тусгай үзүүлбэр нь дэлхийн 80 гаруй
улс орон, бүс нутгийг тойрон аялан тоглосон соёлын гайхамшигт бүтээл юм.
Энэхүү соёлын өдрүүд долоо хоногийн турш үргэлжилнэ.