Радарт үл үзэгдэх сөнөөгч онгоц зохион бүтээснээ Хятад улс үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-11-05 11:44:40

БЭЭЖИН, 2024 оны арваннэгдүгээр сарын /CCTV/. Хятад улсад дунд оврын олон зориулалттай, радарт үл үзэгдэх шинэ “J-35A” сөнөөгч онгоц зохион бүтээжээ. Уг онгоцыг ирэх долоо хоногт Жухай хотод нээгдэх “Airshow China 2024” олон улсын агаар, сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулна гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчний тоног төхөөрөмжийн хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч хурандаа Ню Вэнбо мэдэгджээ.


Үзэсгэлэнгийн үеэр мөн “Хун-19” пуужингийн цогцолбор болон олон зориулалттай цохилт-тагнуулын нисгэгчгүй онгоцыг анх удаа үзүүлэх ажээ.  


"J-35A сөнөөгч онгоцыг нээлттэй үзүүлснээр Хятадын Агаарын цэргийн хүчин “J-20”, “J-35A” гэсэн хоёр үл үзэгдэх сөнөөгч онгоцтой болно гэсэн үг юм. Ингэснээр радарт баригддаггүй "F-22", "F-35" сөнөөгч онгоцуудтай АНУ-ын Агаарын цэргийн хүчний дараа Хятад улс зэвсэглэлдээ үл үзэгдэх хоёр сөнөөгч онгоцтой дэлхийн хоёр дахь улс болж байна” цэргийн шинжээч Ли Ли хэлэв.


Олон улсын агаар, сансрын техникийн “Airshow China 2024”  үзэсгэлэн Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Жухай хотод 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд болно. 15 дахь удаагаа зохион байгуулж буй энэ үзэсгэлэнд Орос, Франц, АНУ, Саудын Араб, Итали зэрэг 47 улс орон, бүс нутгийн 890 компани оролцоно.

Холбоотой мэдээ