СЭЛЭНГЭ: Шилжин явах цомын эзнээр 13 дахь удаагаа тодорчээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-05 12:08:40

Сүхбаатар, 2024 оны аравнэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Онцгой байдлын газрын 2024 оны аварга шалгаруулах спортын 6 төрөлт тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж аваргуудаа тодруулсан байна.

 

“Цамхаг-2024” тус спортын тэмцээн волейбол, сагсан бөмбөг, модон барилдаан, гар барилдаан, дартс, ширээний теннис гэсэн 6 төрлөөр болж, 9 багийн 100 гаруй тамирчид 78 багц медалийн төлөө хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

 

Ингээд Цэргийн гавьяаны одонт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын дунд болсон амхаг-2024" спортын олон төрөлт тэмцээний багийн нийлбэр онооны дүнгээр Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги тэргүүн байрт шалгарч аваргын шилжин явах цомыг 13 дахь удаагаа хүртжээ.

 

Удаах байруудад Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги тус тус шалгарсан байна.

 

Тус тэмцээнийг ирэх 2025 онд 90 жилийн ойгоо тэмдэглэх Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги зохион байгуулснаараа онцлог болжээ.