БАЯНХОНГОР: Бүртгэгдсэн гомдол мэдээлэлд хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн асуудал зонхилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Хүний эрхийн үндэсний комиссын албан хаагч сүүлийн гурван жилийн байдлаар хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг арилгах, хүний эрхийг хамгаалах, үйл ажиллагааны хүрээнд иргэдээс хүний эрх зөрчсөн асуудлаар 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ.
Хүний эрхийн асуудлаар 154 удаагийн зөвлөгөө мэдээлэл өгч, нийт 14 удаагийн хяналт шалгалт хийж, Комиссын гишүүний 10 зөвлөмж, 2 шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийн боловсрол олгох 70 удаагийн сургалтад 2318 хүнийг хамруулан зохион байгуулсан байна.
Сүүлийн гурван жилийн байдлаар тус аймгаас Хүний эрхийн үндэсний комисст 46 гомдол бүртгэгдсэнээс тал шахам хувийг нь хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдол эзэлжээ. Үүнээс үзэл бодол, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж шахаж хавчдаг, ажлаас нь халдаг, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг, хэл амаар доромжилж нэр төр алдар хүндийг нь гутаадаг, сэтгэл санааны дарамт үзүүлсэн гэх зөрчлүүдийг Комисс шалгаж шийдвэрлэсэн байна. Эдгээр зөрчилд холбогдогч нь төрийн тусгай болон захиргааны, үйлчилгээний, улс төрийн удирдах албан тушаалтнууд байжээ.