“Ирээдүйг цогцлоох нь” олон улсын симпозиум боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-11-08 11:47:54

МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /TASS/. “Ирээдүйг цогцлоох нь” олон улсын симпозиум ОХУ-ын нийслэл Москва хотод 11 дүгээр сарын 3-6-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөжээ. 


Улс орнуудын ирээдүйн хөгжлийн зураглалыг дахин гаргах нийгмийн сонирхлыг төрүүлэх, даян дэлхийн нийтлэг үнэт зүйлсийг тунхаглах, хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн хэв загварыг боловсруулахдаа үнэт зүйлсийн үнэ цэнийг тусгах, мөн ирээдүйд цогцлоох нийгэмд орчин үеийн технологиудын хэрэгцээ, тэдгээрийг хэрэглэх арга замыг хэлэлцэх зорилгоор энэхүү симпозиумыг зохион байгуулсан байна. 


Тус симпозиумд Орос, Энэтхэг, Итали, Иран, Хятад, АНЭУ, Серби, АНУ, Франц зэрэг 100 орны албаны хүмүүс, эрдэмтэн судлаач, инженер, зохиолч, философичид, бизнес эрхлэгч зэрэг 6000 гаруй төлөөлөгч оролцжээ. 


Гурван өдөр үргэлжилсэн симпозиумын хүрээнд “Хүн төрөлхтний ирээдүй”, “Технологийн ирээдүй”, “Олон туйлт ертөнцийн ирээдүй”, “Соёл иргэншлийн ирээдүй” гэсэн дөрвөн чиглэлээр 60 гаруй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 


“Хүн төрөлхтний ирээдүй” сэдвийн хүрээнд биологийн болон тоон технологиуд хурдацтай хөгжиж, хот байгуулалтын соёлын шинэ чиг хандлагууд бий болж буй энэ үеийн нийгмийн амьдралын өөрчлөлтийн тухай, харин “Технологийн ирээдүй” сэдвийн хүрээнд дэлхий ертөнц, нийгмийн өөрчлөлтийг өдөөгч, дэвшилтэт технологиудын хөгжлийн үр өгөөжийн талаар санал бодлоо солилцжээ.  


Дэлхийн улс орнуудын болон олон улсын байгууллагуудын хоорондох харилцааны асуудлууд, нийгмийн харилцаанд үүсэж болзошгүй өөрчлөлтүүдийн талаар “Олон туйлт ертөнцийн ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгүүдээр ярилцсан байна. 


Түүнчлэн хүн төрөлхтний хөгжлийн ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх дэлхий нийтийн ёс зүй, гүн ухааны асуудлуудыг "Соёл иргэншлийн ирээдүй" сэдвийн хүрээнд хэлэлцжээ. 


Ийнхүү шинжлэх ухааны судалгаанд тулгамдаж буй асуудлууд, боловсролын салбарын ирээдүйтэй чиглэлүүдийг хэлэлцэх онцгой боломжийг оролцогчдодоо “Ирээдүйг цогцлоох нь” симпозиум олгосон байна. 


Хиймэл оюун хөгжсөнөөр учирч болох эрсдэл, цахим төр засгийн тухай, технологийн хөгжил дэвшилд уламжлалт үнэт зүйлсийн гүйцэтгэх үүргийн тухай асуудлаар ч хэлэлцүүлэгт оролцогчид өргөн хүрээнд санал бодлоо хуваалцжээ.  


Симпозиумын үеэр, хүн төвт дэлхийн ирээдүйн тухай яриа хэлэлцээ өрнүүлэх санал санаачилгыг дэмжих зорилгоор “Ирээдүйн өв” үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Үзэсгэлэнг гурван сэдэвчилсэн хэсэгт хуваан толилуулжээ. Эхний хэсэгт инновацын уламжлалын залгамж чанарыг харуулсан бол, хоёр дахь хэсэгт орчин үеийн дэлхий ертөнцөд учирч буй сорилт, тэдгээрийг даван туулах асуудлаар туурвисан залуу уран бүтээлчдийн бүтээлүүдийг, гурав дахь хэсэгт дүрслэх урлагийн хосгүй нандин бүтээлүүдээс дэлгэжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар “Орос орон” үзэсгэлэнгийн өвийг хадгалж, улс орныхоо ололт амжилтыг таниулан сурталчилж байх зорилгоор барьсан “Россия” үндэсний төвд тус симпозиумыг анх удаа зохион байгуулсан байна.


Холбоотой мэдээ