АНУ-ын 13 муж улс эмэгтэй захирагчтай болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 10 /NPR/. Ирэх онд АНУ-ын муж улсын захирагчийн албан тушаалыг түүхэндээ хамгийн олон буюу 13 эмэгтэй хашихаар боллоо.
АНУ-ын сенатч, муж улсын ерөнхий прокурор асан, Бүгд
найрамдах намын гишүүн Келли Эйотт өнгөрсөн мягмар гарагт болсон Нью-Хэмпшир
муж улсын захирагчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жойс Крэйгийг
ялснаар эмэгтэй захирагч нарын тоо түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Уг сонгууль нь энэ оны хамгийн
өрсөлдөөн ихтэй засаг захиргааны сонгуульд тооцогдож байв.
К.Эйотт ялалт байгуулснаар муж улсын захирагчийн албыг хашиж
буй эмэгтэйчүүдийн нийт тоог 13-т хүргэж, 2022 оны сонгуулиар тогтоосон дээд
амжилтыг /12 эмэгтэй/ эвджээ.
Түүнээс өмнө захирагчаар ажиллаж байсан эмэгтэйчүүдийн тоо 9 байсан нь 2004 онд
тогтоосон дээд үзүүлэлт байлаа.
“Бид эмэгтэйчүүдийн хүрсэн амжилтыг баяр бахдалтайгаар
хүлээн авч байна. Гэхдээ цаашид эмэгтэйчүүдийн хувьд улам их ахиц дэвшил гаргах
хэрэгтэй байгааг мөн хүлээн зөвшөөрөх ёстой” гэж Ратгерсийн их сургуулийн
Америкийн эмэгтэйчүүд ба улс төрийн асуудал эрхэлсэн төвийн судалгаа хариуцсан
дарга Келли Диттмар хэлжээ.
Муж улсын захирагчдын хувьд холбооны бодлогоос илүүтэйгээр
иргэддээ шууд нөлөөлөх төрийн бодлогыг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэдэг.
Эмэгтэйчүүд энэ албан тушаалд сонгогдох нь төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж,
шударга ёсны талаарх илүү сайн ойлголтыг бий болгодог гэж тэрбээр нэмж хэлсэн
байна.
Ирэх жилээс К.Эйотт Алабамагийн Кей Айви, Аризонагийн Кэти
Хоббс, Арканзасын Сара Хакаби Сандерс, Айовагийн Ким Рэйнолдс, Канзасын Лаура
Келли, Мэний Жанет Миллс, Массачусетсийн Маура Хили, Мичиганы Гретчен Уитмер,
Нью-Мексикогийн Мишель Лужан Гришам, Нью-Йоркийн Кэти Хочул, Орегоны Тина Котек,
Өмнөд Дакотагийн Кристи Ноем нартай мөр зэрэгцэн захирагчийн албыг хашина. К.Эйоттыг
оруулбал тэдний тав нь Бүгд найрамдах нам, найм нь Ардчилсан намын гишүүд
байна.
Гэсэн хэдий ч Калифорни, Колорадо, Флорида, Жоржиа, Айдахо, Иллинойс, Индиана, Мэриленд, Миннесота, Миссисиппи, Миссури, Невада, Хойд Дакота, Пенсильвани, Теннесси, Виржиниа, Баруун Виржиниа, Висконсин зэрэг 18 муж улсад түүхэндээ нэг ч удаа эмэгтэй захирагч сонгогдож байгаагүй юм.