Букерийн шагналыг Английн зохиолч хүртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /BBC/. Энэ оны Букерийн шагналыг Английн зохиолч Саманта Харви Олон улсын сансрын станцад байрлаж буй зургаан сансрын нисгэгчийн нэг өдрийн амьдралын тухай өгүүлдэг “Тойрог зам” романаараа хүртжээ.
Шагнал гардуулах ёслол Лондон хотноо боллоо. Энэ оны шүүгчдийн бүрэлдэхүүнийг Их Британийн зохиолч, зураач Эдмунд де Ваал ахалжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн санал нэгтэйгээр С.Харвиг энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодруулсныг тэрбээр онцоллоо.
С.Харви 2019 оноос хойш Букерийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй зохиолч болсон бол “Тойрог зам” роман нь Их Британид хамгийн их борлуулалттай номуудын жагсаалтад багтжээ.
Энэхүү роман нь сансарт болж буй үйл явдлын тухай өгүүлснээрээ Букерийн шагналыг хүртсэн анхны ном, мөн ердөө 136 хуудас бүхий хамгийн богино хэмжээний роман юм. "Энэхүү авсаархан хэрнээ гайхалтай роман нь хувь хүний үнэ цэн ба хамт олны үнэ цэнийг эргэцүүлэн бодуулахын зэрэгцээ үзэсгэлэнт эх Дэлхийгээ ажиглах хүслийг бидэнд төрүүлнэ" гэж шүүгчдийн мэдэгдэлд дурджээ.
Букерийн шагналтнуудыг тодруулах сүүлчийн шатанд С.Харвигаас гадна, Америкийн зохиолч Рэйчил Кушнер, Нидерланд-Израилын зохиолч Яэль ван дер Вуден, Канадын зохиолч Энн Майклс, Австралийн зохиолч Шарлотт Вуд, Америкийн зохиолч Персивал Эверетт нарын бүтээлүүд шалгарчээ.
Энэхүү шагналыг 1969 оноос хойш олгож байна.