Paramount, Warner Bros хоёрыг нэгтгэхийг Холливүүдийн одод эсэргүүцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /NBC/. "Paramount Skydance" болон "Warner Bros. Discovery" компаниудыг нэгтгэх тухай хэлцлийг эсэргүүцэж, Холливудын 1000 гаруй жүжигчин, найруулагч, зохиолчид нээлттэй захидалд гарын үсэг зуржээ. Уг хэлцэл нь кино үйлдвэрлэлийн салбар дахь өрсөлдөөн, ажлын байранд эрсдэл учруулна гэж тэд үзэж байгаа ажээ.
Энэхүү хэлэлцээр нь медиа зах зээлийн төвлөрлийг улам нэмэгдүүлж, өрсөлдөөнийг боомилон, бүтээлч мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөлийг дордуулна гэж тэд мэдэгджээ. Мөн ажлын байрны тоог цөөрүүлж, кино үйлдвэрлэх боломжийг хязгаарлан, үзэгчдэд очих контентын үнийг өсгөх эрсдэлтэй юм. Түүнчлэн АНУ дахь томоохон кино студиудын тоо цөөрч, салбарт монополь тогтож болзошгүйг анхааруулж байна.
Paramount Skydance компани захидлын хариуд мэдэгдэхдээ, кино урлагийнхны болгоомжлолыг анхааралдаа авч байгаагаа дурдаад, жилд дор хаяж 30 бүрэн хэмжээний киног үргэлжлүүлэн гаргах, мөн бие даасан бүтээлч удирдлагыг, кино үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.
Warner Bros. Discovery нь стриминг үйлчилгээ, кино студиудээс гадна CNN, Food Network, HBO, HGTV, TBS, TNT болон Turner Classic Movies зэрэг кабелийн сувгуудыг эзэмшдэг.