"Кетамины хатан хаан"-д 15 жилийн хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-09 17:23:30

ЛОС-АНЖЕЛЕС, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /Reuters/. "Кетамины хатан хаан" гэгддэг мансууруулах бодис наймаалагч эмэгтэйд Калифорнийн шүүх лхагва гарагт 15 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр АНУ-ын алдарт "Найзууд" цувралын од Мэттью Перри хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан, хүчтэй мэдээ алдуулах эмийг зарсан хэрэгт буруутгагдсан юм.


Лос-Анжелес хотын Хойд Холливуд дүүрэг дэх гэртээ хууль бус мансууруулах бодис хадгалж, зардаг байснаа хүлээн зөвшөөрсөн 42 настай Жасвин Санга нь өнгөрсөн есдүгээр сард М.Перригийн үхэлтэй холбоотой хар тамхины таван хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээсэн байна. 


"Би хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлагаа бүрэн хүлээнэ. Миний хийсэн алдаа ийм эмгэнэлт явдалд хүргэсэнд харамсаж байна" гэж тэрбээр шүүгчид хандан хэлжээ. АНУ-ын дүүргийн шүүгч Шерилин Гарнетт прокуророос санал болгосон 15 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.


М.Перри 2023 оны 10 дугаар сарын 28-нд Лос-Анжелес дахь гэрийнхээ халуун ваннанд амьсгал хураасан байхыг нь хувийн туслах нь анх олж харжээ. Задлан шинжилгээний дүгнэлтээр түүнийг "кетамины цочмог нөлөө"-ний улмаас ухаан алдаж, улмаар усанд живж амиа алдсан гэж тогтоосон байна.


Тэрбээр хар тамхины ертөнцөд “Кетамины хатан хаан” гэх нэрээрээ алдартай Ж.Сангагийн зарсан кетаминыг хэтрүүлэн хэрэглэснээс хэдэн долоо хоногийн дараа амиа алджээ.

Холбоотой мэдээ