ЗАВХАН: Хүрлийн үеийн хадны зурагт ихэвчлэн буга дүрслэгдсэн байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-21 15:55:39

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт хүрэл зэвсгийн үеийн хадны бичээс бүхий уул бий.


Баянхайрхан сумын төвөөс хойш 50 км орчимд, хойш сунаж тогтсон намхан уулыг Талын ухаа гэнэ. Энэ уулын хойд үзүүр ац мэт хоёр жижиг хадтай хамар болж төгсдөг. Түүний баруун талын налуугийн хаданд эртний хүмүүс хэдэн арван янгир болон бусад дүрсийг өнгөц хонхойлон цохиж сийлсэн байдаг.


Нэг хаданд нь огтлолцсон хоёр шулуунаас бүрдсэн тэмдэг, гурван янгирын дөрвийг баруун тийш, хоёрыг зүүн тийш харуулан сийлэхдээ нэг янгирын эврийг махир, биеэс нь бараг хоёр дахин том дүрсэлжээ.


Өөр нэг хаданд нь бие биеийн араас цуварч яваа дөрвөн янгирын эхний хоёрыг хөөцөлдөж буйгаар, тэгэхдээ хоёр дахь янгирын эр хүйсийг цохон харуулжээ. Эндэх хадны зургууд ихэвчлэн янгирын дүрстэй байх агаад урагш хулмайсан том чихтэй, биеэсээ хоёр дахин урт сүүлтэй чоно, бас үнэг мэт амьтан, ганц босоо эвэртэй гөрөөс гэмээр амьтдын дүрс зураглалууд бий.


Талын ухаагийн хадны бичээс, зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед буюу Нийтийн тооллын өмнөх III-I мянган жилд холбогдоно гэж тэмдэглэгдсэн байна.


Баримт өгүүлэхэд, 1983 онд “Хүрэл, төмөр зэвсгийн дурсгал судлах анги”-ийн археологич Д.Цэвээндорж тэргүүтэй судлаачид Увс, Завхан, Булган аймгийн нутагт ажиллаж байх үедээ хүрэл зэвсгийн үед холбогдох буган чулуун хөшөө, хиргисүүр, хадны зураг, түрэгийн хүн чулуут тахилын онгон болон хөшөө чулуун булш зэрэг олон тооны дурсгал шинээр олж илрүүлсэн байна. Түүний нэг нь Баянтэс сумын нутагт хоёр хүн чулуу, янз бүрийн хэлбэртэй олон тооны булш, хиргисүүрийг илрүүлж, судлан бүртгэжээ.


Бүгсийн хөндий болон Бэлчирийн үзүүр орчимд 5 булш малтан шинжлэн тайлан бичсэн байна. Тэрээр 1999 онд хэвлүүлсэн “Монголын эртний урлагийн түүх” бүтээлдээ Баянхайрхан сумын нутаг Талын Ухаагийн ац, Дүнгээн уулын Чулуун Хашаат, Түвд уул зэрэг газрын хадны зургуудыг оруулж тайлбар, судалгааг тэмдэглэн үлдээсэн байна. 


Баянхайрхан сумын нутагт орших судлагдаж бүртгэгдсэн болон аймаг улсын хамгаалалтад байдаг хадны зураг бичээс, хиргисүүр, буган чулуун хөшөөд:

-Алтан булгийн хүн чулуун хөшөөд

-Агьтын өврийн буган чулуун хөшөө, хиргисүүр

-Байшинтын өврийн хадны зураг

-Баянтохойн хүн чулуун хөшөөд

-Дунд улаан булгийн хүн чулуун хөшөө

-Мод толгойн шилийн хиргисүүр

-Навтагар боомын хиргисүүр

-Соёотын хүн чулуун хөшөө

-Урт булгийн дөрөлжийн хүн чулуун хөшөө

-Хужиртын хиргисүүр

-Цагаан нуурын тахилын онгон

-Талын ухаагийн хадны бичээс. Баянхайрхан сумын нутагт орших түрэгийн үеийн хүн чулуун хөшөө болон хүрлийн үеийн хадны зураг бичээст ихэвчлэн буга, гөрөөс дүрслэгдсэн байна. 


Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг, сумын төвөөс зүүн зүгт 10 орчим км зайд

Цагаан нуур хэмээх газар орших 70х8 см хэмжээтэй тахилын онгон



Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг, сумын төвөөс баруун зүгт 16 км зайд

Урт булгийн дөрөлж хэмээх газар орших тахилын онгонтой түрэгийн үеийн гурван хүн чулуун хөшөө дурсгал бий



Холбоотой мэдээ