ДОРНОГОВЬ: Антенн буюу хар сүүлт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-22 14:39:24

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгийн зүүн болон өмнөд хэсэг Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгаар төвлөрөн бэлчээрлэх хар сүүлт буюу бор зээр говь нутгийн нэгэн үзэмжит өнгө төрхийг илтгэдэг. Хар сүүлт хөхтөн амьтны аймгийн нэг туурайтны баг болох тугалмайтны овогт багтана.


Уулсын бэлийн хялганат, баглуурт сайр, садрага бүхий дагжуур хөрст хэвгий тал, загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг. Эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага гэнэ. Ооно 110-116 см, шаргачин 93-110 см урт, ооно 23-33 кг, шаргачин 18-20 кг жинтэй.


Зүс нь элсэн саарал, мөч цайвар бөгс нь сүүлийн угнаас дээш үе хэтрэх цагаан танатай. 1-3 насны өсвөр бодьгалиуд нь хар халзан, нас гүйцсэн ооно нь дун цагаан толгойтой болж их бие нь цайвар болдог. Эр нь 3, эм нь 2 наснаас үржилд ордог. Ороо хөөцөө нь 12 сарын 20-ноос нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ. Цаг хүндэрсэн үед байгалийн эрсдэлд өртөмтгий.


Хүн, малын нөлөөнд хэт автагдаагүй нөхцөлд цагаан зээртэй адил улирлын нүүдэл хийж, шилжилт хийдэггүй, хонд үүсгэн бүлээрээ хэвтдэг ямаатай адил бүлэрхүү амьтан юм. Бор зээр хүний бараа харуутаа л цахилж оддог илүү зэрлэг, цөөхүүлээ бэлчдэг амьтан. Зээр байнга нүүдэллэж явдаг онцлогтой.


Зуны аагим халуунд хялганат талдаа зуншиж намар оройхон анхны цас орох үеэр хэдэн зуугаараа шимт тэжээлт бэлчээр хайн нүүдэллэдэг. Туруугаа элэгдтэл нүүдэллэж явсаар дахиад л хялганат талдаа ирдэг. Зарим нь нүүдлийн үеэр үхэж үрэгдэнэ, араатан амьтан, олз хайгчдын хоол болно. Зээрийн сүүл заримдаа гозойчихсон явах нь бий.


Алсаас харахад антенн шиг харагдана. Бор зээрийн сүүл бараг 90 градусын өнцөг гаргадаг гэх. "Хүүе тэрийг хараач. Антенн явж байна гээд л нутгийнхан ярьдаг. Монгол улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хоригложээ.

Холбоотой мэдээ