FT: Хятадын Батлан хамгаалахын сайд авлигын хэрэгт шалгагдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-11-27 15:59:25

БЭЭЖИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /DW/. Хятадын Батлан ​​хамгаалахын сайд Дун Жунь авлигын хэргээр шалгагдаж байгаа тухай Британийн Financial Times сонинд өнөөдөр мэдээлжээ. Энэ мэдээлэл батлагдвал тэрбээр авлигын хэргээр шалгагдсан Хятадын Батлан ​​хамгаалахын гурав дахь сайд болох юм.


FT” сонинд бичсэнээр, уг мөрдөн шалгах ажиллагаа нь цэргийн салбар дахь авлигын хэргийг шалгах ажиллагааны нэг хэсэг аж. Өнгөрсөн долоо хоногт Лаост болсон Батлан ​​хамгаалахын сайд нарын уулзалтын үеэр Дун Жунь Тайванийн асуудлаарх АНУ-ын шийдвэртэй холбогдуулан АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остинтэй уулзахаас татгалзсан байна.


Гурав дахь Батлан ​​хамгаалахын сайд шалгагдаж байна

Хятадын арми өнгөрсөн жилээс эхлэн авлигатай тэмцэх томоохон ажиллагаа явуулж байна. Тэнгисийн цэргийн командлагч асан Дун Жунь нь өмнөх сайд Ли Шанфуг үүрэгт ажилдаа орсноос нь хойш долоохон сарын дараа огцруулсны дараа өнгөрсөн 12 дугаар сард Батлан ​​хамгаалахын сайдаар томилогдсон юм.


Хожим нь Ли Шанфуг авлига авсан байж болзошгүй хэргээр Коммунист намаас хөөсөн гэж Хятадын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлж байжээ. Түүнээс хойш тэрбээр олны өмнө гараагүй байна. Өмнөх Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ ч мөн адил авлигын хэргээр намаасаа хөөгджээ.


Бээжин өнгөрсөн нэг жилийн хугацаанд зэвсэгт хүчний доторх авлигын эсрэг тэмцлийг улам эрчимжүүлсэн байна. "Энэхүү ажиллагаа нь Хятадын ирээдүйн дайн хийх чадварт авлигын хэрэг нөлөөлж болзошгүй гэх болгоомжлол гараад буй үед явагдаж байна" гэж Bloomberg” агентлаг АНУ-ын төлөөлөгчдийг эш татан энэ онд мэдээлжээ.

 


Холбоотой мэдээ