Мьянмарын цэргийн хунтын удирдагчийг баривчлах зөвшөөрөл хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /DW/. Олон улсын эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ Ерөнхий прокурор Карим Хан лхагва гарагт Мьянмарын цэргийн хунтын удирдагч Мин Аун Хлаиныг баривчлах зөвшөөрөл хүсжээ.
Цэргийн хунтын
удирдагч нь лалын шашинт рохинжа үндэстний цөөнхийн эсрэг гэмт хэрэгт
холбогдсон гэж үзэх үндэслэл байгааг
прокурор дурдсан байна. Одоо гурван шүүгчээс бүрдсэн зөвлөл зөвшөөрөл олгох эсэхийг шийднэ.
К.Ханы хэлснээр, албадан гаргах,
хавчлага зэрэг нь түүнийг буруутгаж
буй гэмт хэргүүдэд багтаж
байна. Тэдгээр хэргийг Мьянмарын
зэвсэгт хүчин үйлдэж, үндэсний
болон хилийн цагдаа нар, Мьянмарын рохинжа бус иргэд дэмжсэн гэж
тэрбээр ярьжээ.
Энэ бол Мьянмарын засгийн газрын өндөр албан тушаалтныг
баривчлах зөвшөөрөл хүссэн анхны хүсэлт болохыг прокурор дурдаад,
цаашид илүү олон хүсэлт
гаргах болно гэж мэдэгдсэн байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж буй 2016-2017 онд Мьянмарын
баруун хойд нутгийн Ракхайн
мужаас 730 мянга гаруй рохинжачууд хөрш Бангладеш руу дүрвэсэн байна.
Мьянмар улс ОУЭШ-ийг үүсгэн байгуулсан Ромын дүрэмд
гарын үсэг зураагүй боловч 2018, 2019 оны шийдвэрүүд нь ОУЭШ-ын гишүүн Бангладеш улсад хэсэгчлэн
үйлдэгдсэн болохыг тогтоожээ.
ОУЭШ-ээс
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Израилын Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант, ХАМАС бүлэглэлийн удирдагч Мохаммед
Дейф нарыг Газын зурваст хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр
баривчлах зөвшөөрөл өгснөөс
хэдхэн хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийжээ.
Мьянмарт нөхцөл байдал ямар байна вэ?
Мьянмарын эрх баригчид янз
бүрийн угсаатны зэвсэгт босогчдыг дарахаар олон арван
жилийн турш оролдсоор ирсэн боловч
2021 онд ардчилсан замаар сонгогдсон Аун Сан Су Чигийн засгийн газрыг
цэргийнхэн түлхэн унагасны дараа мөргөлдөөн улам ширүүсжээ.
Босогчдын бүлэглэлүүд дайны үеэр ихээхэн хэмжээний газар нутгийг
хяналтандаа авч чадсан байна. Мьянмар улсад 2021 онд иргэний дайн
эхэлснээс хойш рохинжачуудын эсрэг дахин халдлага үйлдэж байгаа талаар хүний
эрхийн байгууллагууд мэдээлсээр иржээ.
Рохинжачууд уламжлал ёсоор баруун хойд Ракхайн мужид
суурьшдаг бөгөөд энэ мужид мөн голдуу буддын шашинтай ракхайн
үндэстэн амьдардаг. Араканы армийн босогчдын бүлэглэл мужийн ихэнх нутгийг хянадаг бөгөөд гол төлөв ракхайн үндэстнээс бүрддэг.
Рохинжачууд олон арван жилийн турш Мьянмарт өргөн тархсан
ялгаварлан гадуурхах үзэгдэлтэй тулгарсаар ирсэн бөгөөд тэдний дийлэнх нь иргэншилтэй болж чадаагүй байна.