11 дэх жилдээ тоглох “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн тасалбар дуусжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн найруулсан “Цөмөөхэй” энэ сарын 7-ноос хөшгөө нээх гэж байна.
Нэг жилийн турш ажил, хөдөлмөртөө автан өнгийх завгүй явсан Улаанбаатар хотын иргэд, хүүхэд багачуудад жил бүрийн арванхоёрдугаар сард тоглодог “Цөмөөхэй” мартагдсан ид шид, хүсэл мөрөөдлийг эргэн авчирдаг. “Айл гэр бүхэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхэд насны дурсамж үлдээх болоод сайхан сэтгэл ямагт ялна” гэсэн итгэлийг түгээх нь тус бүжгэн жүжгийн гол зорилго юм. “Цөмөөхэй”-г үзсэн хүн бүхний царайнд гэрэл тодорч, зүрхэнд нь аз жаргалын гал дүрэлдээг бөгөөд сонгодог урлагийн тайзнаа сэтгэл догдлуулам түүхийг уран яруу хөгжим, бүжигтэйгээр үзсэн хүүхэд багачууд балетын ертөнцөд нэгэнт дурладаг.
Тус бүжгэн жүжигт жил бүр балетад дуртай, балетаар хичээллэдэг хүүхэд багачуудыг сонгон шалгаруулж, тоглуулдгаараа онцлогтой. Энэ жил 150 гаруй хүүхэд тоглолтод оролцож байгаа аж. “Цөмөөхэй” энэ сарын 7, 8, 14, 15, 21, 22-нд ердөө зургаан удаа үзэгчдэд хүрнэ. Уг бүжгэн жүжгийн тасалбар 30-80 мянган төгрөгийн үнэтэй ч хэдийнэ зарагдаж дуусчээ.