БАЯНХОНГОР: Хоршоодод 36,9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-05 15:44:53

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөний хүрээнд малчид хоршоологчдын санал хүсэлтийг сонсох, шинээр байгуулагдсан болон зээлд хамрагдсан хоршооны үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөмж хүргэхээр малчид хоршоологчдын аймгийн зөвлөгөөнийг Баянхонгор суманд зохион байгуулав. 


"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн салбарт томоохон дэмжлэг, хөрөнгө оруулалтыг энэ хугацаанд хийжээ. Тодруулбал, 20 суманд 279 хоршоо шинээр байгуулсан бөгөөд 256 хоршооны 1277 малчин өрхөд 36,9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатайгаар олгосон байна. Үүнээс 1145 малчин өрхийн зээлийг зээлийн батлан даалтын сангаас гаргажээ. 


Малчид хоршоологчдын зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар нээж үг хэлэхдээ, "Ирэх дөрвөн жил хөдөөгийн сэргэлтийг ахиулан эрчимжүүлсэн, бодлого төлөвлөлтөө түүнд чиглүүлсэн цаг хугацаа байх болно. Үүнд бүх шатны удирдлага, иргэд малчид хоршоологчдын хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоо, хүлээсэн үүрэг хариуцлага, оролцоо нэн чухал. Малчдын орлого, санал санаачилгыг дэмжиж шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээл, хийсэн хөрөнгө оруулалт зориулалтын дагуу зарцуулагдаж, зээлжсэн төслүүд жинхэнэ агуулгын хүрээндээ бүрэн дүүрэн хэрэгжих ёстой" гэж анхааруулав. 

 

Зөвлөгөөнд аймгийн хэмжээний 20 сумын 160 гаруй төлөөлөл оролцож төрөөс малчдын талаар баримталж буй бодлого шийдвэр, шинэ хоршоо хөдөлгөөн болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй олон чухал ажлын талаар бодит мэдээлэлтэй болсон юм. 


Сонирхуулахад, Баянхонгор аймаг нь 17101 өрхийн 88499 хүн амтай ба үүний 55,9 хувийг 15150 малчин өрх эзэлж байна.

Холбоотой мэдээ