ОРХОН: Иргэдэд түлшний модыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн 109 800 гаруй иргэдийн 30 гаруй хувь нь амины орон сууцанд амьдарч байна.
Гэр хорооллын амины орон сууц ихэссэнтэй холбоотойгоор хүйтний улиралд түлшний модны үнэ өртөг огцом өсөж ирсэн. Учир нь Орхон аймаг газар нутгийн хэмжээ багатай тул хөрш зэргэлдээ Булган аймгийн хил залгаа сумдаас түлшний модны хэрэгцээгээ хангадаг юм.
Харин энэ жил Баян-Өндөр сумын ЗДТГ-аас модны үнийг тогтвортой барихаар хөрш зэргэлдээ Булган, Хөвсгөл аймгаас түлшний мод татан төвлөрүүлж, иргэддээ харьяа багийн төвөөр дамжуулан нэг портер автомашин түлшний модыг 500 000 төгрөгөөр нийлүүлж эхэллээ. Мөн зорилтот бүлгийн асаргаатай хүнтэй зарим айл өрхөд 300 000 төгрөгөөр түлшний модыг олгох юм.
Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сумын ЗДТГ-аас 539 м.куб буюу 220 портер машин түлшний мод бэлтгэн нийлүүлэхэд бэлэн болжээ. Өмнө нь Орхон аймагт нэг портер түлшний мод 700 000-750 000 төгрөгийн үнэтэй байсан юм.