ДАРХАН-УУЛ: "Дархан юнайтед арена" цогцолборын агааржуулалтын системийн ажиллагааг хэвийн болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. "Дархан юнайтед арена" ашиглалтад орсноос хойш сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн цуврал тоглолтуудыг зохион байгуулсан. 11 дүгээр сарын төгсгөлд болсон тоглолтын үеэр дээврээс ус алдаж тоглолт саатсан тухай цахим орчинд үзэгчид мэдээлсэн юм.
Харин уг асуудал нь барилгын ажлыг анх гүйцэтгэж байсан “Нэмбар" ХХК барилга угсралтын ажил хийх үедээ агаар сэлгэлтийн системийн сэнсийг буруу харуулж угсарснаас гэмтэл гарчээ.
Зураг төсөв зохиогч “Идиал” групп, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын инженерүүд талбай дээр нь ажиллаж дараах дүгнэлтийг гаргажээ.
Лигийн тоглолтын үеэр агаар сэлгэлтийн систем нь ажиллаагүй, олон хүний амьсгалтай зааланд халуун, хүйтэн харшсанаас усан дусал үүссэн гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргажээ.
Тухайн нөхцөл байдлыг засварлахаар барилгын цэргийн 017 дугаар ангийн мэргэжилтнүүд агааржуулалтын системийн ажиллагааг хэвийн болгожээ. Тиймээс дээврийн гүйцэтгэл дутуу хийсэн гэдэг нь ташаа мэдээлэл гэж аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга П.Батсүх мэдэгдлээ.