Орхон аймаг 183 соёлын биет бус өв тээгчтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2024-12-19 17:05:54

Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас соёлын бүтээлч сарын хүрээнд соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байна.


Соёлын биет бус өв гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий багаж зэмсэг, эд зүйл, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлдэг байна.


Өнөөдөр Орхон аймагт ажиллаж амьдарч буй соёлын биет бус өв тээгч 70 гаруй иргэн тус зөвлөгөөнд оролцож байна.


Орхон аймагт 183 соёлын биет бус өв тээгч байдаг бөгөөд харин Увс аймгийн уугуул, Жаргалант сумын иргэн  ихэлч, бийч Х.Бүүвэйбаатар нь “Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч”-аар аймгаасаа анх удаа шалгарч байжээ.


Тэрээр баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 12 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 50 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм.


Соёлын биет бус өвийн нэг өвөрмөц онцлог бол түүний байнга хувьсан өөрчлөгдөж, үргэлжилж байдаг чанар юм. Тухайн өв нь газарзүйн өргөн уудам нутагт оршин байж болох бөгөөд тухайн бүлэг хүмүүст тохиолдож болох олон янзын нөхцөл байдалд дасан зохицож амьдрах чадвартай байдаг ажээ.

Холбоотой мэдээ