МОНЦАМЭ агентлагийн даргаар МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг томилогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-10-20 15:28:12

Монгол Улсын Засгийн газрын захирамжаар Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэгийг МОНЦАМЭ агентлагийн даргаар томиллоо.

Б.Ганчимэг нь Булган аймгийн Дашинчилэн сумын дунд сургууль, Булган аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг дүүргэж, Улсын Багшийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Тэрээр 1996 оноос Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд ажилласнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд 2007 он хүртэл Үндэсний өдөр тутмын төв хэвлэл болох “Өдрийн сонин”-д, 2007-2014 онд мөн “Үндэсний шуудан” сонинд Тоймчдын албаны даргаар, 2014-2016 онд долоо хоног тутмын чөлөөт хэвлэл “Open door” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан.

Тэрээр 2000 онд Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн холбооны шилдэг бичлэгийн шагнал, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс оны шилдэг бүтээлд олгодог “Ган үзэг” шагнал, 2004 онд Монголын сэтгүүл зүйн дээд шагнал болох “Хэвлэл Мэдээллийн Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр, 2005 онд төрийн дээд шагнал Алтангадас одон, 2014 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолоор тус тус шагнагдсан юм. Мөн тэрээр Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн эздэд олгодог “Балдорж” шагналын анхны эзэн болсон бөгөөд өөрийн 20 гаруй жилийн уйгагүй хөдөлмөр, авьяас билгээрээ манай улсын шилдэг сэтгүүлчдийн нэг болж чадсан төдийгүй олон түмний хайрлан хүндэтгэдэг сэтгүүлчдийн тоонд зүй ёсоор ордог юм. Б.Ганчимэг нь 95 жилийн түүхтэй үндэсний мэдээллийн агентлагийн хоёр дахь эмэгтэй захирлаар ажиллах гэж буйгаараа онцлогтой.

 

 

Холбоотой мэдээ