Кофе уух нь хорт хавдраар өвчлөх магадлалыг багасгадаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-12-25 15:11:39

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /Anadolu/. Кофе тогтмол уудаг хүмүүс толгой, хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл бага байж магадгүйг саяхан хийсэн нэгэн судалгааны дүн харуулжээ.


АНУ-ын Хантсманы нэрэмжит хорт хавдар судлалын хүрээлэнгийн судлаачид хорт хавдартай 9548 өвчтөн, эрүүл саруул 15783 хүний ​​мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.


Олон тооны судалгааны өгөгдлийг нэгтгэсэн дүн шинжилгээгээр өдөрт дөрөв ба түүнээс дээш аяга кофеинтэй кофе хэрэглэх нь толгой, хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 17 хувиар бууруулдаг болохыг тогтоосон” гэж Америкийн Хорт хавдар судлалын нийгэмлэгийн CANCER сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлдээ судлаачид бичжээ.


Мөн кофе уудаг хүмүүсийг кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад амны хөндийн хорт хавдар тусах магадлал 30 хувиар, хоолойн хорт хавдар тусах магадлал 22 хувиар бага байжээ. Түүнчлэн кофейнгүй кофены хэрэглээ ч мөн амны хөндийн хорт хавдар тусах эрсдэлийг 25 хувиар бууруулдаг байна.


Харин цайны хэрэглээ нь өөр хоорондоо ялгаатай байжээ. Тухайлбал, өдөрт нэг аяга ба түүнээс бага цай уувал толгой хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл 9 хувиар бага байсан бол нэг аягаас илүүг уувал төвөнхийн хорт хавдраар өвчлөх магадлал 38 хувиар өндөр байгааг судалгаагаар тогтоосон байна.


Кофе, цай уух зуршил нь нэлээд төвөгтэй дүр зургийг харууллаа. Эдгээр нь хорт хавдрын эрсдэлийг бууруулахад кофе, цайны үзүүлэх нөлөөллийн талаар нэмэлт судалгаа хийх шаардлагатайг илтгэж байна” гэж судалгааны төвийн ахлах судлаач Юань-Чинь Эми Ли хэлжээ.


Дэлхийн хэмжээнд хамгийн түгээмэл хорт хавдрын долоодугаарт ордог толгой, хүзүүний хорт хавдар бага, дунд орлоготой орнуудад өссөөр байгаа тул энэ удаагийн судалгаа нэлээд ач холбогдолтой юм.

 


Холбоотой мэдээ