Албаа хаагаад ирсэн цэргүүдийг цаашид сурган, ажилд зуучилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-20 22:11:53

2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Өвөрхангай, Улаанбаатар хотын дугаар ангиудад нэг жилийн хугацаат цэргийн алба хаасан Баянхонгор аймгийн байлдагч нар албаа амжилттай хаагаад өнөөдөр/2016.10.20/ нутагтаа ирлээ.

Тэднийг эцэг эхийн хамтаар  аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Энхбаатар нарын албаны төлөөлөл хүлээн авч уулзлаа.

Уг уулзалт албаа хаагаад ирсэн цэргүүдэд ажлын байрны санал танилцуулах, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн авах, хаана, ямар чиглэлээр сурч боловсрох боломжтой зэрэг мэдээ мэдээллийг өгч, тэдний талаарх дэлгэрэнгүй судалгааг гаргахад чиглэсэн байна. Тухайлбал, “Насан туршийн боловсрол” боловсролын төвийн зүгээс залуусын боловсролыг дээшлүүлэх үүднээс сурах хүсэлтэй цэргүүдийг бүртгэлээ. Мөн өөрийн сонирхсон мэргэжлээр суралцах боломжтойг танилцуулсан юм. Ингэснээр тухайн цэргийг дараагийн шатанд ажлын байранд зуучлах, орлоготой болгох боломжийг нээж өгдөг тухай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Энхбаатар хэлж байв.

Сонирхуулахад, Энэ жилээс эхлэн аймгийн Засаг дарга цэргийн албаа амжилттай хаагаад ирсэн цэргүүдэд дурсамж хадгалуулдаг болж байгаа юм байна.

                                                                                                                     Б.Мөнхзул

Холбоотой мэдээ