Шилдэг дуучин шалгаруулах “Нарны дуулал” улсын уралдаан Баянхонгорт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-20 22:26:16

Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хийгдэх ажлын талаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Батбаяр, БСУГ-ын дарга Д.Байгалмаа, Хүүхдийн Тэмүжин театрын дарга Б.Ганчимэг нар  өнөөдөр/2016.10.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ сарын 22-24-нд Г.Бирваагийн нэрэмжит зохиолын дууны шилдэг дуучин шалгаруулах “Нарны дуулал” улсын уралдааныг  төрөлх нутаг Баянхонгор аймагт зохион байгуулах бөгөөд тус уралдаан мэргэжлийн дуучид, ардын авьяастнууд, хүүхэд гэсэн ангиллаар болох юм.  Уралдааны зорилго Г.Бирваа агсны мэндэлсний 100 жилийн тэгш ойг төрөлх нутагт нь ёслон тэмдэглэж, алдрыг нь мөнхжүүлэх, бүтээл туурвилыг нь олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, шинэ залуу авьяастныг тодруулах, тэдгээрийн ур чадварыг хөгжүүлэх, ахмад үеийн шилдэг уламжлалаас өвлөн суралцахад улс, бүс нутгийн уран бүтээлч, авьяастнуудын оролцоог өргөжүүлэхэд чиглэгджээ. “Нарны дуулал”-ын шилдгүүд уралдааны маргааш буюу 25-нд гала тоглолтыг аймгийн иргэд, хөдөлмөрчдөд толилуулах аж.

Бид уг уралдаанд оролцож амжилт үзүүлсэн орон нутгийн дуучидтайгаа бодлогын хэмжээнд хамтран ажиллахаар төлөвлөжээ. Мөн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд нийтдээ 50 гаруй сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Сонирхуулахад, энэ сарын 24-нд Баянхонгор хотноо зочин уран бүтээлчдийн тоглолт мөн болох аж. Энэхүү тоглолтод Ардын жүжигчин Д.Самбуу, Х.Уртнасан, П.Хаянхярваа, Ардын уран зохиолч Т.Галсан, урлаг судлаач С.Юндэнбат, төгөлдөр хуурч Энхтуул нарын хүмүүс оролцож,  Г.Бирваа агсанд хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Мөн ойн хүрээнд Г.Бирваа агсны хөгжмийг нь бичсэн кинонууд МҮОНТВ болон орон нутгийн сувгуудаар энэ сарын 23-25-ны хооронд гарах юм байна.  

                                                                                                                    Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ