АРХАНГАЙ: Төв, суурин газрын ногоон байгууламжийг 80 га-аар нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-02 13:18:36

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Архангай аймаг сүүлийн гурван жилийн хугацаанд нэгдсэн хогийн цэгийг цэгцэлж, мөн Урд тамирын голын эрэг татам газруудын томоохон талбайд байгальд ээлтэй, экологийн тэнцвэртэй байдлыг хангаж мод тарьсаар ирсэн.


Хогийн цэг дэх 8 га талбайн модны ургалт 98 хувьтай байна.


Архангай аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарих амлалт авсан ба өнгөрсөн намрын байдлаар 1.120.263 мод, бут, сөөг тарьж, 33 хувийн гүйцэтгэлтэй байна.


Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэнээс хойш аймгийн төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ 2020 оны суурь түвшнээс 80 га-аар нэмэгдэж, 190.7 га болсон байна.


Хөдөлгөөний хүрээнд 2021-2024 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал болон орон нутгийн төсвөөс 1.7 тэрбум төгрөг зарцуулжээ.


Цаашид энэхүү ажлыг илүү бүтээлч, олон шинэ ажлаар үргэлжлүүлэхэд ойн хөнөөлт шавжтай тэмцэх, түймрээс урьдчилан сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах арчилгаа, цэвэрлэгээний ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ойн ангиудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тарьц суулгацын тоог нэмэгдүүлж, мод үржүүлгийн газруудыг өргөтгөх зэрэг бодлогын томоохон ажлуудыг аймгийн байгаль орчны газартай хамтран хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ